Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
-Нийгэм, эдийн засгийн жилийн дараах төлөв байдлыг төсөөлөхөд хүндхэн харагдаж байна. Цар тахлын дараа улс орнууд эдийн засгийг сэргээх ямар алхамууд хийх бол, манай улс яах ёстой вэ гэсэн асуулт хамгийн түрүүнд аман дээр гарч ирж байна?
-Цар тахал дэлхийн эдийн засагт маш олон хүнд нөхцөл байдлыг бий болголоо. Улс орнуудын хоорондын худалдаа наймаа, хамтын ажиллагаанд бэрхшээл учирлаа. Хөрөнгө оруулалтын урсгал хүнд байдалд орлоо. Дээрээс нь ажиллах хүчний урсгал, аялал жуулчлал гээд олон чиглэлээр дэлхийн эдийн засагт нөлөөллөө. Дэлхийн эдийн засаг ерөнхийдөө гурван хувийн уналттайгаар өнгөрсөн оныг үдлээ. Манайх зургаан хувь байгаа нь маш том уналт. Үүний дараа эдийн засгаа сэргээх, дахиад ийм цар тахал, магадгүй үүнээс дутуугүй хортой өвчин тахал нүүрлэвэл эдийн засгаа яаж авч үлдэх вэ, хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгийн тулгамдсан зүйл болж байна.
Миний бодлоор цар тахлын гамшгийн үед эдийн засгаа хамгаалах, эдийн засгийн дархлааг сайжруулах асуудлыг, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх бодлоготой хамт ярих ёстой. Төр, засаг, хувийн хэвшил энэ дээр хамтын хөдөлмөр гаргах ёстой.
-“Манай эдийн засаг гурван сарын дараа сэргэчихнэ” гэх өөдрөг үзэлтэй хүмүүс ч бас байна?
-Ганц Монголоос шалтгаалахгүй л дээ. Дэлхийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, зэс алтны үнээс эхлээд олон юм хамаарна.Нүүрсний асуудал тэр чигээрээ босч ирнэ. Үүнд төр, засаг аль болох цогцоор хандаж, юун түрүүнд эдийн засгийн дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Манайх гаднаас авдаг импортын бараанд шүтсээр сая хил хаахад өндөг ч байхгүй, нарийн ногоо ч байхгүй гээд сууж байна. Үүнээс эхлэн асуудлаа ярих учиртай. Орлого хөөгөөд түүгээрээ босоод ирнэ гэх талын юмыг хойш тавих хэрэгтэй. Энэ хүндрэлийн үед Монголын эдийн засагт асар их хэмжээний цаасан мөнгөний нийлүүлэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, банкнаас мөнгө гаргаж зарлагаа нөхлөө. Эхний ээлжинд барилга бариад барилгыг нь санхүүжүүлээд, барилгын компаниуд ашиг орлого олж, ажилчид нь цалин аваад гайгүй өнгөрч байгаа дүр зураг харагдана. Дараа нь энэ мөнгө эдийн засгийн жинхэнэ том урсгалд орж ирэхдээ ямар хэмжээний үнийн өсөлт үүсгэж хямрал бий болгох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Үр дүн нь 2-3 жилийн дараа илэрнэ.
Цар тахал хүндэрсний улмаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын төлөвлөж байсан олон асуудал хойш тавигдсан. Жишээ нь, МАН-ынхан өнгөрсөн оны сонгуульд орохдоо зэсийн, коксын, гангийн, нефтийн үйлдвэр байгуулна гэсэн. Нефтийн үйлдвэр нь 2025 оноос хойш баригдах болж, бусад үйлдвэрийн талаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын дэвшүүлсэн хөтөлбөрт тодорхой гарсангүй. Хөрөнгө оруулалтын талаас бэрхшээлтэй байгаа байх. Гэхдээ аргаа зөв олж сонгож чадвал шийдэж болно. Энэ талаас бодох хэрэгтэй. Ер нь бол Монголын эдийн засаг уул уурхайгаас, түүхий эдийн экспортоос хамаардаг өрөөсгөл байдлаа засахгүй бол бид эрсдэлээс салж чадахгүй.
-Юм хийдэг, бүтээдэг иргэдээ дэмжих бодлого доголдолтой байна уу даа?
-Манайхан бэлэнчлэх сэтгэлгээгээ болимоор байгаа юм. Цар тахлын үед цахилгаан, дулаан, ус, түлшний үнийг төр даагаад явж байна. Энэ бол амьдралын хүнд үед авах цаг зуурын арга хэмжээ. Иргэд өөрсдөө амьдралаа хариуцах чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Хавар боллоо, хашаатай айл болгон ногоогоо тарихаас эхлээд явбал амьдралд нь нэмэртэй. Төр засаг ЖДҮ-ийг дэмжих талаар баримтлах бодлогоо ч гэсэн өөрчилж чөлөөтэй болгох хэрэгтэй. Одоо ЖДҮ-д олгох зээл төрөөс хамаарахаа байгаад банкаар дамжихаар болж байх шиг байна. Энэ нь зөв ч зээлийн хүүгийн асуудал гарч ирнэ. Үүнийгээ шийдэж төрөлжсөн банк байгуулан түүгээрээ дамжуулах талаар арга хэмжээ авах байх. Ийм цогц арга хэмжээ авбал эдийн засаг аяндаа тэгширнэ. Гэхдээ л үүнээс аюултай цар тахал хэзээ ч гарч болзошгүйг үргэлж бодож явах хэрэгтэй болно.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн цар хүрээ хумигдсан ч, шинэ чиглэл, шинэ санаанууд гаргасан байна
-Сүүлийн хоёр жил Засгийн газар амаргүй нөхцөлд ажиллаж байна. Ерөнхий сайд байхын зовлонг туулсны хувьд та өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ямар дүн тавьж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэр ажиллана гэж хардаг вэ?
-Надаас хойш 14 дэх засаг нь явж байна уу даа. Харьцуулж харахад Ерөнхий сайдууд янз бүр байлаа. Өмнөх Ерөнхий сайдын үед улс орондоо шударга ёсыг бэхжүүлэх, нийгмийнхээ шударга байдлыг хангах, олигархи бүлэглэлийн засаглалын хүлээснээс хүмүүсээ гаргахад тодорхой зүйлүүд хийсэн. Засгийн газрыг тэргүүлэх хүнд ажил шүү дээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд төрийн ажилд төдий л олон жил ажиллаагүй, УИХ-ын гишүүнээр шууд сонгогдож байлаа. Сонгуульт ажил захиргааны ажлаас өөр л дөө. Гэвч одоо Ерөнхий сайдаар ажиллаж байна. Нутгийн хүү гэсэн утгаар би дэмжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд “60 тэрбум”-ын асуудал, уул уурхайн талаар баримталсан бодлогыг нь харахад дэмжүүштэй байдаг. Жишээ нь Салхитын орд, Тосон Бумбын нуруу, Гутайн алтны орд, Ноён уулын алтны асуудалд зөв байр суурь баримталсан.
Сая Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт найман зорилт дэвшүүллээ. Миний ойлгосноор У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үеийнхээс нэлээд хумигдсан байна лээ, цар хүрээ нь. Нөгөө талаас шинэ чиглэл гаргаж, өөрийнх нь ярьж байгаагаар эдийн засгийн төлөвлөлт, хөгжлийн яам, засаглалын яам байгуулах шинэ санаанууд багтсан байсан. Богд уулыг тойрсон төмөр замын асуудлыг ч бас ярьж байгаа нь Монголд хэрэгтэй. Ерөнхийд нь харвал танхимын бүтэц нь чамгүй чадварлаг юм. Шадар сайд С.Амарсайхан гэхэд л хотын захирагч байсан, Монголын зовлонгийн талаас илүү хувь нь Улаанбаатарт оршиж байдаг, тэр талаасаа бол туршлагатай. Бусад сайд нар дотор ч туршлагатай, чадвартай хүн цөөнгүй. Тэгэхээр танхим нь сайн ажиллах боломжтой. Гол нь бодлогоо яаж тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэх аргаа олохоос үр дүн нь хамаарна.
Төрийн тэргүүний сонгууль худал амладаг улстөрчдийн өрсөлдөөн байж таарахгүй
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох нь. Та бол дүгнэлтээ аль эрт хийчихсэн биз?
-Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль чухал. УИХ-ыг сонгуулиар байгуулдаг ч, жижиг тойргуудад хуваагдаж, тухайн тойргийн онцлог байдаг байх, нэр дэвшиж байгаа хүмүүсийн онцлог ч нөлөөлдөг биз, дээрээс нь хөрөнгө мөнгөний чинээгээр ч гэх юм уу тиймэрхүү өрсөлдөх байдал гардаг. Ерөнхийлөгчийн сонгууль Монгол төрийн тэргүүнийг сонгох гэдэг утгаараа төрт ёсны маань оргил, дээд орой нь юм. Нөгөө талаас монголчууд бүгд нэг тойрог болж санал өгч олонхийн саналаар Ерөнхийлөгчөө сонгодог болохоор энэ нь төрийн нэр төр, бодлого, сүлд хийморийн талаас асар их ач холбогдолтой үйл явц болдог.
Одоогийн хуулиар сонгуулийн кампанит ажил албан ёсоор зарласнаас хойш сурталчилгаа эхэлнэ гэж байна. Энэ нь сонгууль зохин байгуулж байгаа хүмүүсийн талаас зөв байх. Гэхдээ монголчууд зөвхөн сонгууль зарлагдсан хугацаанд биш ээлжит сонгууль өнгөрсний дараах дөрвөн жилд бодож ярьж, тунгаах хэрэгтэй юм. Миний бодлоор хамгийн эхнийх нь сонгуульд хэн өрсөлдөх вэ гэдэг асуудал байх. Одоогийн хуулиар УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. МАН, АН, МАХН, ХҮ нам нэр дэвшүүлэх боломжтой байснаас одоогийн байдлаар МАН, МАХН нэгдэх тухай ярьж шийдвэр нь гарч байх шиг байна. Тэгэхээр гурван хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Гол нь энд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа улс төрийн хүчнүүдийн үзлийн тэнхээ, үзлийнх нь чиг баримжааний асуудал Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрт гол үүрэг гүйцэтгэх байх.
Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад улс төрийн хүчнүүдийн үзлийн чиглэл, баримтлах үзэл бодол нэлээд тодорхой харагдсан. Жишээ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2019 онд батлагдсан гэж үзвэл бид түүгээр хоёр дахь жилдээ амьдарч байна. Гэхдээ тэр өөрчлөлтөөр төрийг төгөлдөржүүлэх асуудлыг үндсээр нь шийдэж чадаагүй. Нөгөө л жижиг тойргоос сонгогддог 76 хүн маань бүх юмыг мэддэг байдалтай. Одоогийн УИХ-ыг харахад нэг л их бүхнийг мэддэг, шийддэг хүмүүс цугласан байдалтай байх юм. Энэ нь юу вэ гэхээр төрийн тогтолцоо маань болоогүй байна. Төр ард түмнийхээ хяналтад ороогүй цагт шийдэх боломжгүй гэсэн байдлыг харуулдаг. Эндээс улс төрийн хүчнүүдийн үзэл баримтлал тодорхой харагдах биз.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хэн байхаас сонгуулийн чанар бас хамаарна байх?
-Манайхан нэг үе “Лениний тогооч хүүхэн төр барьж чадна гэнэ” гэх үгийг гаргаж 1990 оноос хойш бараг хил дамжин гахай үүрч, жижиг арилжаа наймаа хөөснөөрөө бахархдаг хүмүүсийг элдэв албан тушаалд тавьж, Ерөнхий сайд хүртэл болгож үзсэн. Тэгээд үнэхээр болдоггүй юм байна, төрийг төрөө мэддэг, төрийн ажлыг хийж чаддаг хүн барьсан цагт улс нийгэм тогтвортой байж болох юм байна гэсэн ойлголтод хүрлээ. Энэ бол амьдралын үнэн. Хэн ч гэсэн би дугуй унаад явж чаддаг, онгоц бариад нисч чадна гээд нисгэгчийн кабинд суувал аваар хийж таарна, түүнтэй адил. Оюутолгой гээд манайхан ярьдаг, үндсэндээ ажлаа мэддэггүй, төрөө мэддэггүй, амьдралаа мэддэггүй хүмүүсийн хийсэн бантан болж хувирлаа шүү дээ. Тэгэхээр төрийн толгойд ажлаа мэддэг хүмүүс гарах нь чухал.
Айсуй сонгуулийг ажихад АН-аас Ц.Оюунгэрэл “Би дэвшинэ” гэж нэр дэвшигчдийг түүчээлж анх зарласан. Түүний хувьд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын туслах, БСШС-ын сайд байсан. Сүүлдээ ч АН-ынхан дотроос ч, гаднаасаа ч “би, би” гэсэн хүмүүсээр дүүрч байх шиг. Нөгөө талд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жил алба хашаад зургаан жилээр нэг удаа алба хашина гэхэд боломж байсан. 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонгуульд ороход 1992 оны Үндсэн хуулиар хоёр жил Ерөнхийлөгч байсан ч гэсэн 1993, 1994 онд дахиад нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн цэц шийдэж байсан. Тиймээс Цэц тэгж шийдэх болов уу гэж хартал тэгсэнгүй. Түүний хувьд төрийн өндөр алба хашиж явсан, төрөө мэдэх хүн. Гэхдээ АН хэнийг дэвшүүлэхээ дотроо шийднэ, одоогоор дотооддоо хагаралтай зовлонтой байх шиг байна. Сонгуулиас өмнө бэрхшээлээ давах шаардлага бий, тэгэхгүй бол сонгуульд орж чадахгүй байдал үүснэ. Зөвхөн АН төдийгүй Монголын ардчилсан тогтолцоот нийгмийн хувьд асар их хор хохиролтой үйл явдал болох учир намын удирдлагууд нь учир зүйгээ олох биз дээ.
-Одоо өрсөлдөгчид нь ч, нийгэм ч эрх баригч намаас хэн дэвшихийг хүлээж байх шиг байна?
-Ардын нам хоёр удаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулж олонхийн байр сууриас төр барих эрх авсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд яах вэ гэдэг асуулт гарна. Ардын намаас нэр дэвшихээр яригдаж, өөрөө нэр дэвших бодолтой гэдгээ илэрхийлснийг харвал МАН-ын дарга, Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүхийг нэр дэвших юм байна гэж ойлгосон. Тэр нь ч тодорхой болж намынх нь их, бага хурлууд болж дэмжсэн шийдвэр гаргалаа. Миний хувьд түүнийг нэр дэвшээсэй гэж бодож байсан. Орь залуу наснаас эхлээд улс төрд зүтгэж явлаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байлаа. Монголчуудын хувьд У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болоод 2017 оноос хойш явуулсан үйл ажиллагааг их нааштай үнэлдэг юм шүү дээ. Нийгмийн томоохон асуудлууд, Улаанбаатарын утааг шийдэхээс эхлээд сургуулийн хүүхдүүдийн гурван ээлжийг болиулж, уул уурхайн олигархиудын хэт даварсан аашийг хязгаарласан.
Цар тахлын үед ч гэсэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг байх үед хязгаарлалт хийж дотооддоо нэвтрүүлэхгүй байж чадсан шүү дээ. Тэрний ачаар Монгол орон харьцангуй бага хохиролтойгоор цар тахлыг давах гэж байна. Монголд цар тахлаар нас барсан хүний тоо бусад улстай харьцуулахад бага байгаа. Түүнээс гадна У.Хүрэлсүхийн үед төрөө, намаа цэвэрлэе гээд нийгэмд шударга ёс тогтоох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр томоохон алхмууд хийсэн. 2017 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав гар нийлж ажилласан нь Монголын нийгэмд нааштай үр дүн авчирсан. Тэр үед шүүхийн систем хөдөлгөөнгүй болж авлигачид нь нэрлэгдэхээс биш асуудал шийдэгдэхгүй хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгээр ногоон гэрлээр чөлөөлөгддөг байсныг өөрчилсөн. Шүүгч нарт тавих шаардлага өндөржсөн. Үндсэн хуульдаа энэ асуудлыг оруулсан. Байгалийн баялгаа эзэмших асуудлыг нэгдмэл байр суурьтайгаар шийдсэн.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нийгмийн байдлаа зөв өөрчилдөг, эмзэг талуудыг нь засах, өөрчлөхийн төлөө ажиллах тийм хүмүүс нэр дэвшвэл өрсөлдөөн ч тийм өнгө аястай явагдана. Түүнээс биш Төрийн тэргүүний сонгууль гэдэг худал, үнэн амладаг, хүн муу хэлдэг улстөрчдийн өрсөлдөөн байж таарахгүй. Энэ талаасаа У.Хүрэлсүхийг Ардын намаас нэр дэвших хүслээ илэрхийлсэнд нь би дотроо их баяртай байгаа. Ийм хүмүүс гарч ирж төрийн эрх барихын төлөө олон түмэнд өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж өрсөлдвөл сонгууль чанартай болно, сонголт маань чанартай болно. Тэр нь нийгмийн амьдралд нөлөөлнө.
-Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр ямар байх ёстой вэ. Өмнөх сонгуулиудыг харахад тунхаглалын чанартай, сүүлд нь байсан юм байгаагаараа үлддэг жишиг харагдаад байдаг л даа?
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүмүүс мөрийн хөтөлбөрөө одоогийн бодит байдалд тулгуурлаж, нэлээд чамбай боловсруулах шаардлага гарах байх. Бид хоёрын яриа түрүүнд цар тахлаас эхэлсэн. Гэтэл зөвхөн цар тахлын асуудал биш одоо дэлхий нийтийн амьдрал их өвөрмөц болоод байна шүү дээ. 2016 онд Монголд болсон АСЕМ-ийн чуулганаар дэлхий нийт түгшүүртэй, тодорхойгүй байдалд орлоо гэж дүгнэсэн. Одоо улам түгшүүртэй, хоорондоо сөргөөцөлдсөн тэмцэлдсэн байдал руу орж ирж байна. Энэ нөхцөлд гадаад ертөнцийнхөө өөрчлөлтийг монголчууд харах хэрэг гарна. Хэдийгээр энэ нь Монголоос шалтгаалахгүй ч Монгол Улс гадаад ертөнцийн өөрчлөлтөд өөрийгөө зохицуулж авч явахад учраа олох хэрэгтэй болно. Дээр нь дотоод амьдралдаа шийдээгүй асуудал юу байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Нэр дэвших хүмүүс энэ бүхнийг харж, ойлгож мөрийн хөтөлбөртөө илэрхийлэх байх. Тийм болохоор би ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд аль болох чадвартай, мэдлэгтэй, туршлагатай улсууд ороосой гэсэн байр суурьтай байна.
“Рио Тинто” үндэстэн дамнасан луйварчдын сонгодог аргыг хэрэглээд ашиг гаргаагүй
-Оюутолгойг та “Эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугласан бохирын сав” гэж хэлдэг. Түрүүнд “бантан” гэлээ. Оюутолгойн гэрээнд Монголын эрх ашгийг хангуулах хэлэлцээний эргэн тойронд та ямар бодолтой байна. Дээр нь он гарсаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 9000 ам.доллар болсон нь манайд сайнаар тусмаар?
-Монголчууд эдийн засгаа сэргээх хэрэгтэй гээд Оюутолгойд найдлага тавьсан. Гэтэл ашиглалтад ороод найм дахь жилдээ явж байгаа хэрнээ хүлээсэн үр дүнг өгч чадаагүй. Нэг талаас хөрөнгө оруулалтад бэрхшээл байсан биз. Гол нь “Рио Тинто”-гийнхон өөрсдөө үндэстэн дамнасан корпорац, луйварчдын сонгодог аргыг хэрэглээд ашиг гаргаагүй, ашиг хуваарилаагүй. Өөрөөр хэлбэл, “Рио Тинтой”-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ажиллаад, тэндээс ашиг горьдох хэрэггүй юм байна. Ямар ч нөхцөлд алдагдал гаргаад сууж байх нь байна шүү дээ. “Эрдэнэт”-ийн үйлдвэр анх байгуулагдахдаа 1500 ам.долларын үнийн нөхцөлд ашигтай гэж байгуулсан юм. 1998 оноос хойш зэсийн үнэ 1500 ам.доллараас доош буугаагүй. Нэг удаа 3500 ам.доллар хүртэл унасан ч түүнээс хойш байнга өссөөр сүүлийн жилүүдэд 5500 ам.доллараас дээш байлаа. Гэтэл “Рио”-гийнхон ашиг гаргасангүй, Монгол хөрөнгө оруулалт хийсэн нэртэй 34 хувийн хариуд нь зээл авч төлдөг, ямар ч ашиггүй өрөнд ороод хоцорч байна. Ийм нөхцөлд гэрээг өөрчлөх хэрэгтэй. Одоо зэсийн үнэ өсч 9000 ам.доллар давсан нь өмнө бараг зүүдлэгдээгүй өндөр үнэ шүү дээ.
-Оюутолгойн гэрээ зохион байгуулалттай луйвар болсон гэж олон хүн хэлдэг. Танд ч бас тэгж бодогддог уу?
-Зарим зүйл их сонин санагдаг. Жишээ нь, Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд батлах үед Монголд ашигт малтмалын хууль нь батлагдчихсан байсан, 2006 онд. Энэ хуулиар олборлолтын хэмжээнээс шалтгаалж, тухайлбал Оюутолгой дайны олборлолт хийж байгаа аж ахуй нэгж 10 хувийн нөөцийн төлбөр төлөх ёстой байхад гэрээнд таван хувиар гэж зааж оруулсан байдаг. Үүнээс болж бид жил тутам одоогийн үнээр бодоход 700 саяас нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж ирсэн. Долоон жилийн дүнгээр бодоход шүү. Монголд нэг тэрбум ам.доллар гэдэг ямар их үнэтэй нөөц билээ. Үүнээс болж гэрээг өөрчлөх шаардлага гарч байгаа юм.
Ер нь Оюутолгойнхон анх хөрөнгө оруулалтаа Фрийдланд /Айвенхоу Майнз/- ын үед 2.6 тэрбум гэж тодорхойлж байснаа сүүлдээ 4.0 тэрбум болгож, дараа нь нэмсээр байгаад 10 тэрбумаас давсан янз бүрийн хувилбар гаргаж ирсэн. Хөрөнгө оруулалтаа ингэж хэд дахин зөрүүтэй тооцож байгаа компани жинхэнэ мэргэжлийн компани мөн үү. Асуудалд үндэслэлтэй хандаж байна уу, аль эсвэл Монголоор тоглож байна уу гэдэг асуулт гарна. Тиймээс Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлыг маш ул суурьтай тавьж шийдэхгүй бол болохгүй. Монголын эдийн засгийн эрхзүйн орчин нэг талаас сул дорой, нөгөө талаас үндэстэн дамнасан догширсон компанийн шахалтад өртөж байгаа нөхцөлд гэрээгээ бүтээгдэхүүн хуваах зарчимд шилжүүлбэл дээр ч юм уу. Одоо Оюутолгойгоос гаргаж байгаа бүтээгдэхүүний 42 хувийг бид үнэ төлбөргүйгээр өөртөө авах эрхтэй шүү дээ. Энэ бол олон улсын эдийн засгийн харилцаан дахь бодит зарчмуудыг үндэслэн тооцоо судалгаа гаргахад гарч байгаа тоо юм.
-Одоо хэлэлцээг далд явуулж байгаа нь бас л хардлага төрүүлэх боллоо?
-Засгийн газар, хөрөнгө оруулагч талын хэлэлцээ нууц байдалд болж байгаа нь сайн, муу хоёр талтай. Нэг талаас, тодорхой эдийн засаг, бизнесийн бодит асуудлыг нийтээр зарлаж хийрхэл шуугиан дэгдээхээс хамгаална. Гэтэл олон түмнээс нууц хуйвалдаан явах вий. Анх 2009 онд гэрээ байгуулахад ийм байдлаар хуйвалдаж, одоогийн ашиггүй гэрээг байгуулсан. Ийм байдал руу орчих вий гэж санаа зовниж л суудаг. Гэхдээ энэ бол эрх баригчдын асуудал шүү дээ.
– Засгийн газар Лондоны Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргалаа. Тэд яаж шийдэх бол гэдэгт сэтгэл зовох, эргэлзэх зүйл танд байна уу?
-Лондоны шүүх бол жишиг хуулийн үндсэнд шийднэ. Жишээлбэл, “Марубени” корпорацитай хийсэн манайхны маргааныг 1900—гаад оны эхэн үеийн жишгийг барьж Монголын талд шийдсэн. Үндэслэл байвал тэгж л шийднэ. Гэхдээ өөрсдөө гэрээгээ буруу хийчихээд Арбитрын шүүхийг хараад суух юм уу, эсвэл тэрийг буруутгах асуудал байж болохгүй. Манайхан өөрсдөө гэрээгээ хийж чадаагүй. Гэрээ хийсэн хүмүүс нь улсынхаа эрх ашгаас үндсэндээ урвасан гэж болно. Одоо нэгэнт Үндсэн хуулиараа байгалийн баялаг бүх ард түмний \сүүлд төрийн, нийтийн гэж ойлгомжгүй хуульчилсан ч гэсэн/ өмч байгаа тохиолдолд Монголд огт ашиггүй үйлдвэр, аж ахуйн газар байж таарахгүй. Заавал Монголд ашигтай, өгөөжтэй байж тэр үйлдвэр, аж ахуйн газар ажиллах ёстой. Энэ талаас нь асуудалд хандах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.5.4 МЯГМАР № 89 (6566)