Дөрөвдүгээр сарын 7-10-нд “Левада” төвөөс 46 бүс нутагт явуулсан Оросын шилдэгүүдийг тодруулах санал асуулгын дүн гарчээ. Олон нийтийн санал асуулгыг зохион байгуулагчид иргэдийн түүх, соёл, боловсролд хандах хандлагыг тодорхойлох чиглэлээр явуулжээ. Асуулгад оролцогдын дийлэнх нь Оросын түүхэнд хамгийн нэр нөлөөтэй хүнээр Иосиф Сталиныг нэрлэсэн байна.
Хоёрдугаар байрыг Ерөнхийлөгч Владимир Путин болон яруу найрагч Александр Пушкин хоёр хуваалцлаа. Гуравт хувьсгалч Владимир Ленин орсон гэж “Известия” сонин мэдээлжээ. Санал асуулгад оролцогчдын 38 хувь нь Сталиныг түүхэн гарамгай хүн гэж үзсэн байна. Энэ үзүүлэлт нь 2012 оныхоос дөрвөн хувиар буурсан ч Сталиныг Аугаа эх орны дайны гарамгай гавьяатан хэмээн үнэлдэг оросуудын байр суурь өөрчлөгдсөнгүй.
В.Путин ба А.Пушкин хоёрыг гарамгай хүмүүс гэж тус тус 34 хувь нь үнэлсэн байна. Оросын Ерөнхийлөгч анх удаа чансааны эхний гурван байрт орж ирж байгаа бол Пушкин 1989 оноос хойш энэ жагсаалтад багтаж байгаа юм. Шинжээчид В.Путины гол гавъяаг Крымыг Орост нэгтгэсэн явдал хэмээн тооцон үзжээ. Гуравт жагссан хувьсгалч В.И. Лениныг асуугдагчдын 32 хувь нь гарамгай хүнээр нэрлэсэн байна. Гэхдээ түүний чансаа тогтмол буурч яваа аж.
Оросын гарамгай зүтгэлтнүүдийн эхний аравт Эзэн хаан I Петр (29 хувь), сансрын нисгэгч Юрий Гагарин (20 хувь), зохиолч Лев Толстой (12 хувь, жанжин Георгий Жуков (12 хувь), хатан хаан II Екатерина (11 хувь), яруу найрагч Михаил Лермонтов (11 хувь) нар багтлаа. Топ-20-ын сүүлийн байранд ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачёв зургаан хувийн дэмжлэгтэйгээр оржээ. Нийгэм судлаачид санал асуулгыг иргэдийн гэрээр очиж авсан байна.
М.ЭРДЭС