Associated Press: Монголчууд энэ даваа гаригт Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Ардчилсан намын Цахиагийн Элбэгдоржийг залгамжлахын тулд гурван нэр бүхий өрсөлдөгч энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна. Гучин жилийн өмнө коммунист дэглэмээс салсан гурван сая хүнтэй энэ улсын ардчиллын баянбүрд болсон хэдий ч удирдагч ангийг идсэн авилгал, хээл хахууль, эдийн засгийн хямралаас болж улс төрийн хувьд багагүй хагаралтай болсон.

Өнгөрсөн онд болсон Парламентын сонгуулиар бүрэн ялалт байгуулсан Монгол Ардын намын удирдагч, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ардчилсан намаас бизнесийн магнат Халтмаагийн Баттулга, гуравдагч хүчин болох Монгол Ардын Хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар нар Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Гэхдээ Ганбаатарын хувьд Өмнөд Солонгосын иргэнээс хандив авсан бичлэг нь ил болсноос болж сонгогдсон ч хүлээн зөвшөөрөгдөх эсэх тал дээр асуудалтай. Байгалийн баялгаар баян, хоёр их гүрэнд хавчуулагдсан Монгол Улсад БНХАУ болон АНУ-ын эдийн засаг, улс төрийн өрсөлдөөн, нөлөөлөл бага багаар нэмэгдсээр байна. Тиймээс энэ удаагийн сонгуулийн ач холбогдол урьд өмнөхөөс илүү өндөр гэж хэлж болох юм.

Reuters: Монголын сонгууль ба Хятадын хөрөнгө оруулалттай холбоотой маргаан.

Таван толгойн уурхайгаас өдөрт дунджаар 2000 орчим том оврын автомашин Говийн цөлийг туулж Хятадад нүүрс тээвэрлэдэг. Замын аюулгүй байдал хангагдаагүйгээс болж энд осол эндэл ч их гарах болжээ. Үүний оронд төмөр замаар тээвэрлэх санал хэдийгээр Монголчуудад ашигтай тусах байсан ч өмнөд хөршийнхөө нөлөөллийг нэмэхгүй гэсэн үүднээс тэд татгалзсан юм. Харин энэ асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөхөгдөж байна. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд аль ч орноос байсан хамаагүй гаднын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гээд, “Бидэнд нийлүүлэлт, Хятадад эрэлт байна.

Гэхдээ бид аль нэг улсаас хамааралтай болохгүй” хэмээн мэдэгдсэн. Түүний гол өрсөлдөгч Халтмаагийн Баттулга 1921 онд Тусгаар тогнолоо зарлахаас өмнөх үеийг санах хэрэгтэй, Хятадын бодлогод далд санаархал бий гэж шүүмжилсэн. Тэрбээр мэйлээр ирүүлсэн мэдэгдэлээ “Хятад бол бидний гайхалтай түнш мөн. Байх ч ёстой. Гэхдээ төмөр зам, тээврийн асуудлыг үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар нарийн авч үзэх ёстой” гэдгийг дурдсан байв. Баттулга өмнө нь 2014 онд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Байгалийн нөөх дуусмагц 40, 50 жилийн дараа Хятад Монгол хоёрын хооронд зөрчил үүсч таарна” хэмээж байсан удаатай билээ.

Bloomberg: Аймшигтай кампанит ажлын дараах Ерөнхийлөгчийн сонгууль

Монгол Улс одоогийн байдлаар эдийн засгийн хүндрэлтэй үеэ туулж байгаа. Харин тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль үнэхээр бохир кампанит ажлын дараа болж өнгөрлөө. Улсын Их хурлын дарга, эрх баригч намын дарга Миеэгомбын Энхболд, томоохон бизнесмен Халтмаагийн Баттулга, УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатар долоо дахь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Гурван сая иргэнтэй Монгол Улсад санал хураалт даваа гаригийн оройн арван цагт дуусах юм. Энхболдын МАН эдийн засгийн уналтыг зогсоох зорилготой ажиллаж байгаа ажээ.

Intellinews: Сөрөг мэдээллийг нь хасчихвал Монголын Ерөнхийлөгчийн сонгуулиас юу ч үлдэхгүй

Зургадугаар сарын 26-нд болох энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил оффшор хаяг, төрөл бүрийн бичлэгээр эхэлсэн хамгийн бохир гэдгээрээ онцгойрч байна. 1990 оны ардчилсан тайван хувьсгалын дараа тус улс долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын засаг дарга асан, УИХ-ын дарга, эдийн засагч Энхболд, бизнесмен, жудогийн од Баттулга, УИХ-ын гишүүн асан Ганбаатар нар монголын дараагийн Ерөнхийлөгч болно.

Эх сурвалж: Т.ЖАРГАЛСАЙХАН

www.news.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн