Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргаад байгаа юм.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. Н.Ганибал гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах гэж байна гэж байна. Тэгвэл сонгууль будлиантуулах гэж байгаа ажлыг Ардчилсан нам хийж байна. Үүнийг Ц.Туваан гишүүнээс асуумаар байна.
Лобби компаниудыг бүртгэдэг АНУ-ын бүртгэлийн сан байдаг. Энэ дээр АНУ-ын лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадна дотны хувь хүн болон компанитай гэрээ байгуулах энэ санд бүртгүүлдэг. Энэ бүртгэл дээр Ц.Тувааны гарын үсэгтэйгээр АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай дөрөвдүгээр сарын 12-нөөс зургаадугаар сарын 12-ны хооронд 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд гэрээ байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ” хэмээв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх” гэв.