Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, дээд шүүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдсэн даруй ЗХЖШ-д очиж уулзалт хийсэн байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-д очсон мэдээлэл байна.
Энэ бол сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл мөн. Иймд нийт иргэд, улс төрийн намуудыг Үндэсний аюулгүй байдлынхаа талд зогсохыг уриалж байгаа юм” гэж мэдэгдэв.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг мэдэгдэл хийж байх үед Тамгын газраас нь ЗХЖШ руу холбогдож очих тухай мэдэгдсэн байна.
Тиймээс жанжин штабынхан түргэн авч, 032 дугаар ангиас хүндэт харуул дуудаж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэт харуулын урдуур алхах “улаан хивс”-ыг засаж эхэлсэн байна. Ингээд хүндэт харуул жагсаж амжаагүй байхад Ерөнхийлөгч ЗХЖШТ-д ирсэн байгаа юм.
Ерөнхийлөгчийг ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг тосож авсан бөгөөд тус газрын орлогч болон зарим газрын дарга нар л уулзалтад оролцсон байна. Тэдний уулзалт 30 орчим минут үргэлжилсэн аж. Харин уулзалтаар чухам юу ярьсан нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.
ЗХЖШ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн удирдлагад байдаг. Батлан хамгаалах яам бол иргэний хяналт тавих буюу төсвийн гүйцэтгэлийг хянах, мөн зэвсэг, техникийн шинэчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж бодлого тодорхойлох үйл ажиллагаанд оролцдог байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын удирдлагуудтай хийсэн хаалттай уулзалтдаа Батлан хамгаалах яамны төлөөллийг оролцуулаагүй тухай ISEE мэдээллээ. ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, орлогч Ц.Жавхланбаатар нарын генералуудтай хийсэн Ерөнхийлөгчийн уулзалт юу өгүүлнэ вэ?
Х.Баттулга нь Монгол Улсын ерөнхийлөгчид горилох үеэсээ эхлээд л талцлыг бий болгож байсан бодит жишээ бий. Түүнчлэн “цаазын ялыг сэргээнэ” гэж мэдэгдэж, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээж үзэж, УИХ-ын даргад тогтоолын төсөл барьж байсан удаатай.
Б.Ирээдүй