ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга н.Баатарчулуун эмч нарын эрхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орсон. Шалгалттай холбоотойгоор Livetv.mn сайт дээр зохиолтой, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлыг илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон ба сэтгэл санааны маш хүнд байдалд орлоо.
Ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ?
Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна.
Биднийг өдийг хүртэл хоёргүй сэтгэлээр ажиллахад Засгийн газрын шийдвэр зөв байсан юм уу. Өнөөгийн нөхцөл байдал болохыг манай мэргэжилтнүүд хэлж байсан. Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учраас тахал ингэж хүндэрлээ.
ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэлсэн” хэмээв.
Н.Батаа