Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжид эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа, үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явах шаардлагатай байгууллага, зорилтот бүлгийн ажилчид, иргэдийг хамруулж байлаа.
Харин өнгөрсөн ням гараг буюу дөрөвдүгээр сарын 4-нөөс 18-аас дээш насныхныг хамруулж, дархлаажуулалтын цэгийн тоог нэмж, өдөрт 30 мянга гаруй иргэнийг вакцинжуулж эхэлж, орон нутагт ч вакцинжуулалтыг эрчимжүүлсэн.
Үүнээс өмнө өдөрт 10 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулж байсан юм. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 3-нд 11803, 4-нд 31388, 5-нд 38959, 6-нд 51490, 7-нд 57029 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ. Өөрөөр хэлбэл, өдөрт вакцинжуулалтад хамрагдах хүний тоо 50 мянгыг давж, иргэдийн идэвх сайн байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш буюу өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 530.924 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм. Мөн маргаашаас дархлаажуулалтын хоёр дахь тунг хийж эхэлнэ.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс