Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвших эцсийн сумаа тавьж Цэц дээр хориг тавьсан. Цэцэд Ерөнхийлөгч, хэн нэгэн нөлөөлөх боломж үгүй тул өнөөдрийн бодит байдлаар Х.Баттулгын асуудал хууль ном журмынхаа дагуу шийдэгдвээс түүнд нэр дэвших боломж үлдсэнгүй.
Нэгэнт нэр дэвших шаансгүй болж буй тул Ерөнхийлөгчийн зүгээс хэнийг явуулах вэ гэх яриа яригдаж эхэлжээ. ЕТГ-ын газрын дарга асан З.Энхболд, Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар дараачийн хувилбараар яригдаж байна.
З.Энхболдын хувьд Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгаа хорлож, өөрийг нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх заалтыг Үндсэн хуульд шургуулсан гэгдсэн. Учир нь тэр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаархлаа гүйцэлдүүлэхийн тулд Х.Баттулгын хүзүүг ороосон Цэц дээр тулж оччихсон өнөөдрийн энэ байдалд хүргэсэн хүн. Хэдийгээр энэ явдлаас болж муудалцан Тамгын газрын даргын албаас чөлөөлсөн ч улс төр болсон хойно З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн нөөцөнд байгаа “туслах дүр”. Н.Алтанхуягийн хувьд АН-аас гарч бие дааж УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч буцаад намдаа орох шиг амархан зүйл байхгүй. Н.Алтанхуяг илэрхий Ерөнхийлөгчийг дэмжиж талд нь бат зогсч байгаа бөгөөд сүүлийн үед сошиалаар Ерөнхий сайд байх үеийнх нь ажил албаны мэдээлэл эрчимтэй сэвэгдэж пиараа эхлээд байгаа гэх. Ерөнхийлөгчийн талаас АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хувьд 50 нас хүрээгүй тул Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй ч сонгуулийг удирдах, санхүүжилтийг гаргах гол хүн. Х.Баттулгыг нэгэнтээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Х.Батулгад хүний нөөц байхгүй. Хулгайчийн нөөц бий” гэж хэлсэн шиг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх, ялалт байгуулах магадлалтай хүн ховорхон л байгаа бололтой.
Д.НЯМАА