Чөлөөт бөхийн улсын шигшээ багт эрэгтэй 14, эмэгтэй 13 тамирчин, 5 дасгалжуулагчийн хамт өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн тасралтгүй бэлтгэл хийж байна.
Үндэсний шигшээ багийнхан одоогоор “Хасу” эко цогцолборт олимпийн бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга нар олмпийн эрх авсан бөгөөд тэд Итали Улс руу дасгалжуулагчийн хамт зорисон бол одоо Болгар улсад хамтарсан бэлтгэл хийж буй гэнэ.
Дээрх эрхээ авчихсан тамирчдын бэлтгэл бусдаасаа өөр төлөвлөгөөний дагуу хийж энэ сарын 25-29-нд тэмцээнд оролцоод 4 дүгээр сарын 7-нд Казахстанд очих юм.
С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга нар улмаар шигшээ багийнхантай нийлж хамтарсан бэлтгэл хийгээд тавдугаар сарын 15-наас Монголдоо буцаж ирнэ. Тэд Азийн болон Дэлхийн эрх олгох тэмцээнд оролцохгүй. Мөн энэ удаа тэднийг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдсэн учраас Казахстанд зөвхөн бэлтгэл хийх юм байна.
Мөн улсын шигшээ багийн эрх аваагүй тамирчид эрхийн төлөөх тэмцээнд оролцоод дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд тэндээ бэлтгэл хийнэ. Азийн бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг Казах хүн хашдаг ба түүнд хүсэлт тавьж Казахстан болон Хятадын шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг Алматы хотод хийхээр болсон.
Учир нь шигшээ баг хоёр тэмцээндээ оролцоод буцах нь тусгаарлалтын хоногоос үүдэн дараагийн тэмцээнд оролцож боломжгүй болно. Иймд шууд олмпийн эрх олгох дэлхий тэмцээнд ороцохоо Болгар Улсыг зорих аж. Харин тивийн эрхийн тэмцээнээс хэдэн тамирчин эрх авахаас хамаарч Болгар явах тамирчдын тоо шийдэгдэх гэнэ.
Б.Эрдэнэ