Шинэ коронавирүсийн (covid-19) халдварын тохиолдол бүртгэгдэж дэлхий нийтэд зарлаад нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд дархлаагаа дэмжихийг эрдэмтэд хамгийн их зөвлөжээ. Халдвар авсан хүмүүсийн 90% орчим хувьд шинж тэмдэг илрэхгүй, эсвэл хөнгөн хэлбэрийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Амт, үнэр мэдрэхгүй байх, хуурай ханиалгах, халуурах, дотор муухайрах шинж тэмдэг нийт халдвар авсан хүмүүсийн дийлэнх олонд илэрсэн.
Хэрвээ таны дархлаа сайн, архаг эмгэг, өвчингүй бол COVID-19 халдварын үед гэртээ хөл хорионд орж гэрээр эмчилгээ, сувилгаа хийх боломжтой гэдгийг ДЭМБ-аас зөвлөж байна.
Гэрээр эмчилгээ, сувилгааг эхлэхийн өмнө заавал эмч, эсвэл эрүүл мэндийн ажилтанд мэдэгдэж зохих үнэлгээг хийлгэж эрсдлээ тооцох нь чухал.
Мэдээллийн нээлттэй байдлыг ашиглаж COVID-19 халдвартай холбоотой мэдээллийг бүрэн ашиглах боломжтой тул айж, сандарч дархлаагаа унгахгүйгээр тайван байх нь хамгийн чухал гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ та гэртээ эмчилгээ, сувилгаа хийх бол доорх зөвлөмжийг дагаарай.
- Нэг өрөөнд тусгаарлагдах
- Цонхоо 2 цаг тутам онгойлгож өрөөний агаарыг тогтмол сэлгэж байх
- Хэрвээ гэр бүлийн бусад гишүүдтэй гал тогоо, ариун цэврийн өрөөг хамтдаа хэрэглэдэг бол агаарын сэлгэлцэл тогтмол хийх, халдваргүйжүүлэх уусмалаар гадаргууг арчих, цэвэрлэх
- Гар савандаж, бүлээн усаар угаах (хоол хийхийн өмнө ба дараа, бие зассахын өмнө ба дараа, мөн гар бохирдсон бусад бүх тохиолдол гараа угаана)
- Гараа угаасны дараа цаасаар арчих, хэрвээ боломжгүй бол алчуурыг өдөр бүр угааж хуурай алчуур хэрэглэх
- Гэр бүлийн гишүүд хоорондоо 1 метрээс дотогш зайнд ойртохгүй байх
- Өвчний шинж тэмдэг арилтал (21 хоног хүртэл) гэртээ зочин урихгүй байх
- Амны хаалт зүүх, хэрвээ амьсгалахад бэрхшээлтэй бол ханиаж найтах үедээ сальфетикаар ам хамраа таглах, эсвэл амны алчуур хэрэглэж болно. Амны алчуур хэрэглэсэн тохиолдолд ариутгалын уусмалаар угааж хатаах
- Амны хаалтыг тайлж хаяхдаа ДЭМБ-аас зөвлөсөн видео хичээлийг үзэж зааврын дагуу хаях
- Биеэс гарсан шингэн, бусад халдвартай гэж үзэх хог хаягдлыг хаяхдаа нэг удаагийн бээлий хэрэглэх, хогоо зориулалтын уутанд хийж сайтар боож баглах, мөн гараа угаах
- Ор дэрний хэрэгслээ 2 хоног тутам сольж, 60-90°C халуун усаар, ердийн угаалгын бодисоор угаах, халуун индүүгээр угааж дахин хэрэглэх боломжтой. Өмссөн хувцаснуудаа мөн адил угаах
- Аяга тавга, халбага сэрээгээ гэр бүлийн бусад гишүүдээс тусад нь байлгаж тогтмол халуун усаар угааж зайлах
- Тусгаарлагдсан өрөөний тавилгыг ахуйн хэрэглээний ариутгалын бодисоор (5% sodium hypochloride) арчиж цэвэрлэх
- Цайр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглэх (хулууны хатаасан үр, яргай загас, бүйлсэн самар, мөөг, үхрийн мах, бууцай). Д амин дэм, С амин дэмийг нэмэлтээр хэрэглэх. Халуурч буй үед халуун буулгах эм хэрэглэх.
- Асарч буй хүн халдвартай хүний хэрэглэж буй эд зүйлд хүрэхдээ нэг удаагийн бээлий заавал хэрэглэх, амны хаалтыг зүүх, гараа тогтмол угаах, ариутгалыг уусмалаар гараа ариутгах дэглэмийг хатуу чанд мөрдөх шаардлагатай.
Мөн дархлаагаа дэмжихээ огт мартаж болохгүй! Үүнд: Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж ойр дотны хүмүүстэйгээ утсаар ярих, өөрийн биеийн байдлаа мэдэгдэх, хөгжилтэй зүйлсээ ярих гэх мэт. Өөрт тохирох дасгалыг тогтмол хийх. Сайн унтаж амрах. Шим тэжээлтэй зохистой хоол хүнсийг хэрэглэж байхыг зөвлөж байна.
АУ-ны доктор, дэд профессор