Цагдаагийн байгууллагийн мэдээлснээр жилд 35 мянган хүүхэд ахуйн осолд өртдөг бол 350 нь энэ шалтгаанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг байна. Өчигдөр “Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр тохиосон бөгөөд энэ эрсдэлээс хамтдаа сэргийлэхийг уриалсан юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 оноос эхлэн “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон зарласан.
- НҮБ-ын гишүүн улсууд хүүхдийн эсэн мэнд амьдрах,
- хөгжих,
- хамгаалуулах,
- нийгмийн амьдралд оролцох бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангаж,
- хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахад онцгой анхаарлаа хандуулж ажиллах,
- түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт зайлшгүй шаардлагатай болохыг Монгол Улс хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн.
Үүнтэй уялдуулан Засгийн газраас 2018 онд хамтарсан тушаал гаргаж энэ өдрийг “Хүүхэд эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 2019 онд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол 2020 онд хорио цээрийн хугацаанд гэрийнхээ аюулгүй байдлыг хангах хөдөлгөөн болгон өрнүүлж байсан юм.
Цар тахлын улмаас өнөөдөр ч хүүхэд, багачууд танхимын хичээл, сургалтад хамрагдах боломж хязгаарлагдмал байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хамгаалах, аюулгүй байдалд нь анхаарал хандуулахыг дахин уриалж байна.
Эх сурвалж: БШУЯ