ЭМЯ-аас Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ойрын хавьтлуудыг гэрт нь 14 хоног тусгаарлахаар болсон талаар хэллээ.
Тэрбээр “Халдвар авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тархалтын зэргийг улбар шар түвшин рүү шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлын тусгаарлах журамд өнөөдрөөс өөрчлөлт орж байна. Тухайлбал, ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тус тус байлгадаг байсныг өөрчилж, шууд 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглахаар болсон. Ингэж гэрийн тусгаарлалт хийхдээ хүн бүрийг тусгаарлалтад байлгахгүй. Хавьталтай иргэнд гурван төрлийн үнэлгээг хийнэ. Нэгдүгээрт эмнэлзүй, хоёрдугаарт гэр ахуй, орчны үнэлгээ, гуравдугаарт, эмнэлзүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг хянах үнэлгээг хийсний үндсэн дээр тухайн хүнийг гэрийн тусгаарлалтад байлгах эсэхийг шийдэх болно. Халдвартай хүний хавьтал болоод гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд маш өндөр хариуцлага, сахилга бат шаардана” гэлээ.
Л.Баяр