Монгол Улсад БНХАУ-аас 300 мянган тун вакцин бэлэглэсэнтэй холбогдуулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс Хятадын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэг, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгт талархлын захидал илгээжээ.
Уг захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна
“Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” хэмээсэн монгол ардын зүйр үг байдаг. Хятадад бас “морины сайныг замын холд таньдаг, хүний сэтгэлийг цагийн уртад таньдаг” хэмээсэн зүйр үг байдаг билээ.
2020 оны хоёрдугаар сарын сүүлчээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш Хятад улсад айлчилсан анхны төрийн тэргүүн болж, Монголын ард түмний найрсаг сэтгэлийн илэрхийлэл болгон 30 мянган толгой хонь бэлэглэсэн билээ.
2021 оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-аас Монгол Улсад 300 мянган тун вакцин бэлэглээд байгаа нь Хятадын ард түмний гүн зузаан найрамдлыг илтгэн харуулж, хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, шаардлагатай үед харилцан тусалж, жаргал зовлонгоо хуваалцдаг үзэл баримтлалын гэрч болж байна.
БНХАУ нь “Ковакс” хөтөлбөрт нэгдэн орж, Хятад улсын хөгжүүлсэн вакциныг даян дэлхийн нийтлэг бүтээгдэхүүн болгохын төлөө, гол нь хөгжиж буй орнуудын хэрэгцээнд зориулан уг хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэхээр шийдвэрлээд байна.
Энэ нь вакциныг тэгш хуваарилах, олон улсын хэмжээнд хамтран хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, хөгжиж буй орнуудыг цаг тухайд нь вакцинаар хангах, олон улсын хамтын нийгэмлэг аль болох түргэн хугацаанд “COVID-19” цар тахлыг ялан дийлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг бид бүхэн баяртайгаар харж байна.
Монгол, Хятад хоёр орны ард түмэн гар гараасаа барилцан “COVID-19” цар тахлыг ялан дийлж, хоёр орны ард түмний найрамдал сэтгэл зүрхэнд улам гүн бат шингэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Хятад, Монголын найрамдлын нийгэмлэг