IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн болох Ташкентын Гранд Слам /Их дуулга/ ирэх гуравдугаар сарын 5-7-нд Узбекстан Улсад болно.
Тус тэмцээнд одоогоор Монгол, Испани, БНСУ, Бразил, Гүрж, Казахстан, Израил, Герман улс тэргүүтэй 60 орны 377 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
Уг тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд, эрэгтэй тамирчдаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд /60 кг/, ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, Саид Моллаей /81 кг/, Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/, эмэгтэй жүдочдоос МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, МУГТ Д.Сумъяа /57 кг/, Б.Ганхайч /63 кг/, О.Мөнхцэцэг /-78 кг/ нар багтжээ.
Жүдо бөхийн улсын шигшээ баг өдгөө Найрамдал төвд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд ирэх саруудад IJF-гээс зохион байгуулах цуврал тэмцээнүүд олимпийн эрхийн оноо олгох гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Б.Эрдэнэ