Израиль Улс хүн амаа коронавирусийн вакцинд хамруулах хурдаараа дэлхийд тэргүүлж байна. Тус улсын ЭМЯ-наас хоёрдугаар сарын 16-нд мэдээлснээр бүх хүн амынхаа 28%-ийг, 16-аас дээш насны насанд хүрсэн бүх хүн амынхаа 39%-ийг бүрэн вакцинжуулжээ.
Ийм хурдацтай вакцинжуулсан нь тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын эхээр Pfizer компанитай тусгай зөвшилцөл хийсний ач гавьяа гэнэ. Тус улс гуравдугаар сарын сүүлч гэхэд 16-аас дээш насны израильчуудаа бүгдийг нь Pfizer/BioNTech-ийн вакцинд хамруулна гэсэн зорилт тавьжээ.
Тусгай зөвшилцлийн хүрээнд Израиль улс “бүхэл бүтэн улсаа хурдан вакцинжуулсан олон улсын загвар орон” болно гэж Ерөнхий сайд нь хэлж байлаа. Нетаньяхугийн хувьд вакцинжуулалтын кампанит ажлаа амжилттай хэрэгжүүлнэ гэдэг нь гуравдугаар сарын 23-нд болох парламентын сонгуульд дахин сонгогдоход нь тус нэмэр болох улс төрийн зорилт хэмээн The Guardian хэвлэлд сануулжээ.
Израильд хамгийн түрүүнд вакцинд хамрагдаж эхэлсэн 60-аас дээш насныхны дунд (энэ бүлгийнхний 72-83% нь шаардлагатай хоёр тунг хийлгэсэн) өвчлөл эрчимтэй буурч эхэлжээ. Уг ангиллын хүмүүсээс эмнэлэгт хандах тоо нэгдүгээр сарын дунд үеийн түвшнээс 34%-иар буурсан бол залуучуудын дунд эмнэлэгт хандах тоо өмнөх түвшиндээ, бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл 2021 оны нэгдүгээр сард тус улсад тогтоосон ээлжит хөл хориотой холбоогүйгээр үр дүн харагдаж эхэлсэн гэсэн үг юм.
«Өндөр настнуудын дунд үр дүн залуучуудынхаас илүү байна. Залуучуудын хувьд илүү хожуу вакцинд хамрагдах шаардлагатай болсон юм. Энэ зүй тогтол өмнөх тусгаарлалтын үед ажиглагдаагүй» хэмээн Израилийн ЭМЯ-ны мэдээлэл дээр дүн шинжилгээ хийсэн профессор Эран Сегал The Financial Times-т мэдээлжээ.
Тус улсын эрүүл мэндийн томоохон байгууллагын нэг, Маккаби эмнэлгүүдийн сүлжээ хагас сая хүнд хоёр тун вакцин хийсэн байна. Тус эмнэлэг вакцинд хамрагдсан эдгээр хүмүүсээс 544 нь буюу ердөө 0,1% нь хожим коронавирустэй гэж гарсан хэмээжээ. Үүнийг вакцинжуулалтад хамрагдаагүй хяналтын мөн тооны бүлгийн хүмүүс дотор өвчлөлтэй харьцуулж үзээд, Маккабигаас вакцины үр дүнгийн түвшин 93% гэж тооцоолсон аж.
Гэхдээ Израилийн ЭМЯ вакцинд хамрагдаж амжаагүй хүн амын дундах залуучуудын бүлэгт өвчлөл нэмэгдэж байгаад түгшиж байна. “60 болон түүнээс дээш насныхан дунд коронавирусийн хүнд өвчлөлийн тоо илт буурсан нь ажиглагдлаа. Гэхдээ залуучуудын бүлэг дунд хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна” хэмээн The Jerusalem Post хоёрдугаар сарын 14-нд мэдээлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд COVID-19 онош тогтоогдсон хүмүүсийн 75% нь 40-өөс доош насныхан бол 7% нь 60-аас дээш насныхан байсан гэнэ. 60-аас доош насныхны 38%-д нь өвчний хүндрэл гарч байгаа нь сарын өмнөхөөс 53%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-наас нь тус улсад коронавирусийг зонхилох омог нь Британийн хувилбар байгааг мэдээлсэн байна. Энэ нь илүү халдвартай, хүнд тусдаг вирус гэж сүүлийн үеийн судалгаануудаар тогтоогджээ.
Үүний зэрэгцээ Израилийн эмч нар вакцинжуулалтын хурд саарч байгааг нэлээд түгшиж байна. Нэгдүгээр сард өдөрт 150 мянган хүн вакцин хийлгэж байсан бол хоёрдугаар сард 16-аас дээш насны иргэн бүрт хүртээмжтэй болсон хэдий ч тоо нь тогтмол буурсаар өдөрт 60 мянган хүн вакцинд хамрагддаг болжээ.
Төрөөс энэ асуудалд цогц арга хэмжээ авч байна. ЭМЯ-наас нь вакцинжуулалтын эсрэг чиглэсэн худал мэдээлэлтэй тэмцэх ажлын хэсэг гарган ажиллуулж, өдөр бүр хэд хэдэн хэлээр ийм мэдээллүүдийг хаах ажиллагаа явуулж байгаа аж.
Түүнчлэн вакцинд хамрагдалтыг нэмэхийн тулд хоёрдугаар сарын 21-нээс эхлэн вакцинд хамрагдсан иргэдэд спорт заал, усан сан, зочид буудал, соёл амралтын газраар үйлчлүүлэх боломжтой болгоно гэжээ. Өдгөө эдгээр газрууд хөл хорионы улмаас хаалттай байгаа аж. Гэхдээ гудамжны дэлгүүр, худалдааны төвүүд, музей, номын санг бүгдэд зориулан нээсэн хэвээр байна.
“Спорт заал, соёл амралтын үйл ажиллагаанд оролцох эрхтэй болмоор байна уу, эсвэл хойш суух уу? Тарилгаа хийлгээрэй” хэмээн Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн нь жиргэжээ.
Вакцинд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” хэмээх тусгай бичиг баримт олгож байна. Ийм паспортын эзэд тусгай цэсээр зөвшөөрөгдсөн газруудад орох эрхтэй. Харин ухаалаг гар утасгүй хүмүүст зураасан кодтой гэрчилгээ олгож, түүнийгээ уншуулан нэвтрэх боломж олгож байна.
Үүнээс гадна “ногоон паспорт” нь хөл хорионд оролгүйгээр Грек, Кипрт аялах боломж болно. Эдгээр улс Израильтай зохих зөвшилцөл хийжээ. Мөн тэд Сөнөсөн тэнгисийн амралтад амрах боломжтой.
Эдгээр арга хэмжээний үр дүнд вакцинжуулалтын хурд өсөж, өмнөх тоондоо хүрэхэд ойртсон гэж төрөөс үзжээ. “Өчигдөр гэхэд 156 мянган хүн вакцинд хамрагдсан” хэмээн Эрүүл мэндийн сайд нь хоёрдугаар сарын 16-нд мэдэгдсэн байна.