Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2020 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 322.3 (0.9 хувь) тэрбум, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1 (5.3 хувь) их наяд төгрөгөөр багасав.
ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2018 онд 7,2, 2019 онд 5,2 хувийн өсөлттэй гарч байсан ч 2020 оны эхний улиралд 10,7, эхний хагас жилд 9,7, эхний 9 сард 7,3, жилийн дүнгээр 5,3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 2,9 хувиар өсжээ.
ДНБ, 2020 онд 5,3 хувиар багассаны (-2.0) пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, (-3.0) пункт нь үйлчилгээний салбарт, тухайлбал (-1.5) пункт нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт, (-1.3) пункт нь бөөний, жижиглэн худалдааны салбарт, харин (-1.1) пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож байна.
Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 2,7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 6,2 хувиар өссөн нь ДНБ-д 0,8 пунктээр эерэг нөлөөллөө.
Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл өмнөх оныхоос 6,3 хувь өссөн бөгөөд үүнд малын ашиг шимийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 5,9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Б.Эрдэнэ