Өмнөд Солонгос Улсын дээд шүүх Самсунг компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд хоёр жил зургаан сарын хорих ял оноолоо. Түүний оролцсон хээл хахуулийн хэрэг нь хээл хахууль, авлигын хэргээр шоронд хоригдсон тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэн өмнөх хэрэгтэй холбогдсон.
Ли 2014 оноос хойш Самсунг Электроникс компанийн де-факто удирдлагаар ажиллаж байгаа ба шүүхээс гаргасан энэ шийдвэр нь технологийн аварга компанидаа ирээдүйд түүний гүйцэтгэх үүрэгт балаг болох магадлалтай юм. Шүүхийн энэ шийтгэлийн тухай мэдээллийн улмаас Самсунг электроникс компанийн хувьцаа уг үйл явдлаас өмнөх ханшаас 4% -иар буурсан.
Лиг шоронд хорих хугацаа нь наанадаж түүний бизнесийн нэгдэлтэй холбоотой шийдвэрт түр зуур саад болох бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ ял шийтгэл нь манлайллын хоосон орон зайг бий болгож, Самсунг компанийн ирээдүйн томоохон хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахад саад учруулж болзошгүй юм. “Энэ үйл явдал Самсунг компанийн хувьд үнэхээр том цохилт, том хямрал болж байна” гэж Сежонгийн их сургуулийн бизнесийн профессор Ким Дэ Жон мэдээллийн агентлагт хэлсэн.
Түүний эцэг Ли Кун Хи 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэхэд Ли компанийн удирдлагыг авч эхэлсэн. Түүний эцэг өнгөрсөн жил нас барсан бөгөөд өв залгамжлагчид нь өв залгамжлалын татварын асар их төлбөрийг төлөхийн тулд хөрөнгөө зарж борлуулах эсвэл ногдол ашиг авах зэрэгт шийдвэр гаргаж болзошгүй байв. Шүүхийн шийдвэрт дурдсанаар Ли нь Самсунг компанийн зүгээс “хээл хахуулийг идэвхтэй өгч, Ерөнхийлөгчөөс өөрийн хүч чадлыг ашиглан түүний залгамж халаанд туслахыг илт хүссэн” ажээ.
Тухайн Улсын шилдэг компани, дэлхийн шинийг санаачлагч Самсунг компани нь улс төрийн эрх мэдэл солигдох бүрт гэмт хэрэгт удаа дараа холбогддог нь маш харамсалтай юм. Шүүхийн зүгээс Лигийн хээл хахуульд өгсөн 8.6 тэрбум вон (7.8 сая доллар) -той тэнцэх хэмжээний зүй бус орлогыг нуун дарагдуулсан хэргээр буруутгаж, өнгөрсөн оны эхээр байгуулсан Самсунг компанийн бие даасан комплайнсийн хороог бүрэн зохион байгуулагдаагүй байна гэж мэдэгджээ.
“Энэ хэргийн цаана өмнөх ерөнхийлөгч албан тушаалаа урвуулан ашиглаж, компанийн эрх чөлөө, өмчийн эрхийг зөрчиж байгаа явдал нуугдаж байна. Энэ байдлыг харгалзан үзвэл шүүхээс гаргасан шийдвэр эргэлзээтэй байна” гэж Лигийн өмгөөлөгч Ли Ин Жэ сэтгүүлчдэд мэдээлэв. Лигийн хоригдох ялын хугацаа эхэлсэн бөгөөд 18 сарын хорих хугацаа үлдсэн гэж үзэж байгаа.
Ли дэлхийн технологийн аварга компанийн удирдагч болохоор дөнгөж эхэлж байхад ч хууль эрх зүйн асуудалтай тулгарсан байдаг. Тэрээр анх 2017 оны 2-р сард Өмнөд Солонгос Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Гын Хетэй холбоотой улс төр, аж ахуйн нэгжийн дуулианд оролцсон гэх хэргээр баривчлагдаж байсан юм. Самсунг компани улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пакын найз Чой Сун Силийн удирддаг ашгийн бус хоёр санд 43 тэрбум вон (37.7 сая доллар) өгсөн бөгөөд үүний хариуд маргаан дагуулсан Самсунг компанийн бизнесийн нэгдэлд дэмжлэг үзүүлсэн ба Ли эцэст нь нэгдмэл компанийг удирдах болно гэж буруутгагдаж байсан.
Лигийн эсрэг үүсгэсэн хэрэгт хээл хахууль, бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, хилийн чанад дахь хөрөнгөө нуусан, худал мэдүүлэг зэрэг гэмт хэрэг багтсан ба харин Самсунг компани эдгээрийн эсрэг няцаалт гаргаж байсан.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар