М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болжээ.
Анх 11 жилийн өмнө өргөж авсан хүүхэд нь одоо 15 настай. Хүүхдүүд бүгд түүнийг “Том ээж” хэмээн дууддаг байна. Дэрсхэн олон хүүхдэд 5 ханатай жижиг гэр багадах нь мэдээж. “Том ээж”-ийн ганц хүсэл нь “Сарнай” хүүхдийн төвөө байгуулах. Тиймээс “Нэг хүн Нэг тоосго” аяныг санаачилжээ. Тус аяныг 25 дугаар суваг телевиз дэмжин ажиллаж байна.
Эх орны ирээдүй болсон олон хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олголоо. Хүүхдийн төвөө барих газартай болсон М.Сарнай бүсгүй “Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. “Сарнай” хүүхдийн төвөө байгуулчихвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хотын дарга С.Батболд “Хүүхдүүдийн ирээдүйд буян хийж байгаа ийм иргэнээ бид дэмжинэ. М.Сарнайд сайхан сэтгэлтэй хүмүүс туслахаас гадна төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн төв барих газрыг шийдлээ. Жаргаж явах насандаа ийм ачаа үүрч явна гэдэг амар биш. Төр түмнийхээ дэмжлэгийг авч яваарай” хэмээгээд М.Сарнайтай хамтарч, хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулан ажиллах үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлагад өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.