Стэнфордын их сургуулийн эрдэмтэд зүрхний шигдээс туссан хүнийг аврах шинэ аргыг хулганад амжилттай туршижээ.
Туршилтаар хархнуудад зохиомлоор зүрхний шигдээс үүсгэж дараа нь зүрхний булчинд нь циано хэмээх нянг суулган гэрэл тусгасан байна. Харин зарим хэсэг харханд нянг суулгасан боловч гэрэл тусгаагүй аж.
Үүнээс 10 минутын дараа эхний хэсэг хархнуудын зүрхэн дэх хүчилтөрөгчийн хэмжээ нь гэрлийн цацраг тусгаагүй хоёр дахь бүлгийн хархнуудынхтай харьцуулахад илүү байгаа нь тогтоогджээ. Туршилтаар эхний бүлэг хархнуудын зүрхний ховдлын агшилт нь 45 минутын дараа сайжирсан байна.
Эрдэмтэд энэ аргыг хүн дээр зүрхний шигдээсийн дараа фотосинтезийн дүнд хүчилтөрөгч ялгаруулдаг нянг зүрхэнд нэвтрүүлэх замаар нөхөн сэргээж турших боломжтой гэж үзжээ. Гэвч уг эмчилгээ нь зүрхний мэс заслыг хийхдээ заавал цээжний хөндийг нээдэг тул ихээхэн эрсдэл дагуулах аюултай юм байна.
Тиймээс эрдэмтэд циано нянг венийн судсаар дамжуулан зүрхэнд нэвтрүүлэх, цээжний хөндийг ярахгүйн тулд гэрлийн цацрагийг зүрхэнд арьс, ясаар дамжуулан хүргэх аргыг олохоор ажиллаж байгаа ажээ.
Зүрхний шигдээс нь зүрхний булчингийн цусан хангамж зогссонтой холбоотой байдаг. Зүрхийг тэжээгч гол судас бөглөрсний улмаас зүрхэнд цусаар дамжин ирэх хүчилтөрөгчгүй болж, зогсдог байна.