ХЭҮК-ын гишүүд гадаадад гацсан монгол иргэдийн байдлыг онцгойлон анхаарч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг эхний ээлжинд авч ирэх саналыг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатартай цахимаар уулзах үеэр тавилаа.
Мөн “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд үр дүнтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлж, мэдээлэл солилцох, ХЭҮК-оос УОК-ын хуралд мэдээлэл хийж, ажиллах саналыг гаргав.
Шадар сайд Я.Содбаатар, онцгой комиссын зүгээс аль болох хүний эрхийг зөрчихгүй байх чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцлоод цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим шийдвэр өөрчлөгдөж, зохицуулах зайлшгүй шаардлага бий болж байгааг хэллээ.
Мөн ХЭҮК-оос ирүүлсэн БНСУ дахь иргэдтэй холбоотой шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сард тус улсаас 34 иргэнийг нэн даруй татаж авах арга хэмжээ авч ажиллах зэргээр нөөц боломжоо шавхаж ажиллаж байгааг хэллээ. Өвчний тархалт, нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хүний эрхтэй холбоотой олон байдал гарч байгаа хэдий ч цаашид хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагааг сайжруулж, харилцан мэдээлэл солилцож хамтарч ажиллах чухал байгааг онцоллоо.
Цахим хуралд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа нар оролцов.
Эх сурвалж : ХЭҮК