БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өнгөрсөн баасан гарагт “Боловсролын зээлийн сан”-тай холбоотой асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр ” Боловсролын зээлийн сангаас хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
1. Сургалтын төлбөр олголт
Сургалтын төлбөр олгодог хэлбэр:
· бүтэн өнчин хүүхдүүд,
· хөгжлийн бэрхшээлтэй суралцагч,
· хөдөлмөрийн чадвараа алдсан,
· эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагч,
· багш мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүд ЭЕШ-нд тодорхой хэмжээний оноо авбал сургалтын төлбөрийг нь төр хариуцдаг
· сувилагчаар суралцаж байгаа оюутнууд бас ЭЕШ-нд тодорхой хэмжээний оноо авбал төлбөрийг нь төр хариуцдаг,
· цаатан өрхийн бакалаврын сургалтад сурч байгаа оюутнуудын төлбөрийг хариуцах гэх мэт
2. Сургалтын зээл олголт
Зээлийг дотоодод оюутан болон гадаадад бакалавр, магистр, докторантурт суралцаж байгаа оюутнуудад зээлийг олгодог.
Өнөөдрийн байдлаар буцалтгүй тусламжид 2020-2021 оны хичээлийн жилд 2020 оны төсөвт 3,2 тэрбум төгрөг тусгагдсан байсан. Энэ зардлаас нийт 4439 оюутанд 3,1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийг олгосон.
Дотоодын оюутнуудын сургалтад зориулсан боловсролын зээлийн үйлчилгээг 2020 онд төсвийн тодотголоор зээлийн зардалд 10 тэрбум төгрөг батлагдсан байгаа. 4000 гаруй оюутанд зээл олголт өгчхөөд одоо УИХ-ын гишүүд болон яаманд хандаж байгаа 7000 гаруй оюутны зээлийн асуудал хүлээгдэж байгаа.
Гэхдээ 2019-2020 оны хичээлийн жилд 4-р курсээ төгссөн оюутнуудын сургалтын зээлийг олгох асуудлыг 2020 оны таван сард бүрэн шийдсэн. Одоо 2020-2021 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын асуудлыг судалж, шийдэх хэмжээнд хүрч байна.
2021 оны төсөвт 24,8 тэрбум төгрөг сургалтын төлбөрийн зээлд батлагдсан. Энд бид хүсэлт гаргаад байгаа тэргүүлэх чиглэлийн буюу нэн хэрэгцээтэй мэргэжлийн биш боловч хүсэлт гаргасан, боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан 2,8 дээш голч дүнтэй сурч байгаа 4986 оюутанд зээлийг нь өгөхөөр Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэхээр бэлдэж байна.
Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад 5,9 тэрбум төгрөг батлагдсан. Энэ нь ЭЕШ-д 501 –ээс дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой. Гэхдээ Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн нэн шаардлагатай, тэр дундаа сувилагч шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээр 2020-2021 оны хичээлийн жилд сувилагч мэргэжлээр элссэн оюутнуудын бүх судалгааг гаргаад 3600 оюутанд сургалтын төлбөрийг нь олгох нь зүйтэй гэж үзээд Засгийн газарт асуудлаа оруулахад бэлэн болсон байна.
Нэн хэрэгцээтэй мэргэжлээр сураагүй ч гэсэн энэ оны хичээлийн жилийг дуустал Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл хүссэн 3600 орчим оюутан байна. Энэ оюутнуудад зээл олгох юм бол 5,4 тэрбум төгрөг шаардагдахаар тооцоо гарч байгаа. Үүнийг судлаад энэ жилийн хичээлийн жил дуустал Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөлд оюутнуудын эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт болон тухайн айл өрх бүрийн амьжиргааны түвшинтэй уялдуулаад энэ асуудлыг нэг удаагийн шийдвэрээр шийдэх боломж нь байна гэж үзээд Засгийн газарт асуудал оруулахаар бэлдэж байна.
Тэгэхээр 2021 оны дотоодын оюутны сургалтын төлбөрийн зээлд батлагдсан 24,8 тэрбум төгрөгийг дээрх оюутнуудад зарцуулах боломжтой байна гэсэн урьдчилсан судалгааг хийчихсэн байна. Гэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд дахиад 9 сарын нэгэнд оюутнууд элсэнэ. Энд элсэж байгаа элсэгч оюутнуудад зориулж бид тодорхой хэмжээний зардлыг нөөцөд үлдээх ёстой. Үүний судалгаагаа бас хийгээд байж байна.
Н.Цэндбат