АНУ-ын нийслэл Вашингтонд нэгдүгээр сарын 7-нд болсон үймээнийг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлсээр байгаа. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, түүний эргэн тойронд өрнөж буй дүр зургийг дурандсан, тандсан энэ фокус шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэл баталгаатай үргэлжлэх төлөвтэй. Капитол ордонд болсон үймээний үеэр таван хүний амь нас үрэгдэж, 200 гаруй жилийн Ардчиллын түүхтэй их гүрнийг эмзэглүүлж байна.
Монгол Улсын тухайд ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас дэгдээсэн томоохон үймээн самууны түүх бий. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан үймээний үеэр мөн л таван хүн амь нас эрстсэн.
АНУ, Монгол Улсын хоёрын тухайд ардчиллыг хөгжүүлсэн түүх урт, богино гэдгээрээ ялгаатай. Гэхдээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй улс төрчдийн эсэргүүцэл нь нийтийг хамарсан, нийгмээ айлгасан үймээн болтлоо өргөжсөн манай 7 сарын 1 ба Америкийн 1 сарын 7—ны ижил ба ондоо талуудыг харьцуулан хүргэж байна.
Үймээн, самууны тухай
АНУ-ын 2021 оны 1 дүгээр сарын 7: Улирагч оны арван нэгдүгээр сарын 3-нд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 306 саналаар ялж, одоогийн Ерөнхийлөгч Трамп ялагдсан.
Д.Трамп өөрийн авсан 232 санал, сонгуулийн дүнг 1 дүгээр сарын 7-ныг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй. Хууль бус сонгууль боллоо, саналаа луйвардуулсан хэмээн ил тод мэдэгдэж байв. Энэ өдөр Д.Трампын дэмжигчид нийслэл Вашингтонд цугларч, сонгуулийн дүнг баталгаажуулахаар хуралдаж байсан Конгрессын байр, Капитолын ордон руу дайрав.
Монголын 2008 оны 7 дугаар сарын 1: УИХ-ын 5 дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнгээр МАХН 41, АН 29, бусад улс төрийн нам, бие даагчид 4 суудал авсныг АН болон БНН, Иргэний эвслийн удирдагчид хүлээн зөвшөөрөөгүй юм.
Тэд санал хураалтын шөнө сонгуулийн дүнг МАХН луйвардсан хэмээн мэдэгдэж, өглөө нь улс төрийн сонгуульд ажиллан, дэмжсэн хүмүүсээ болон олон зуун залуучуудыг МАХН-ын байрны гадаа цуглуулж, эсэргүүцлийн цуглаанаа эхлүүлж байв. Үймээнд оролцох залуучуудыг гэр хорооллоос зөөсөн, ирэх замд нь архи, согтууруулах ундаа тараасан гэх яриа өрнөдөг.
Үймээн, самууныг өдөөсөн гол хүчин зүйл
АНУ 2021.01.07 өдөр: Жагсагчид Конгрессын байр, Капитолын ордны үүдэнд цугларсан байх үед Дональд Трамп өөрийн дэмжигчдэд хандан “Одоо хүлцэнгүй байх цаг биш, эх орончдоо, Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн видео мэдэгдлийг хийсэн байгаа.
Үүний дараагаар Д.Трампыг дэмжигчид Капитолын ордны хаалгыг эвдэн орж, эд хогшлыг нь эвдэн сүйтгэж, Конгрессын гишүүдийн өрөөгөөр орж, компьютер, эд зүйл хулгайлж эхэлсэн. Хохирлын эцсийн дүн гараагүй ч, алдагдсан компьютер, бичиг баримт дунд Төрийн нууцтай холбоотой бичиг баримт байсныг ч албаныхан зарлалаа.
Монгол Улс 2008.07.01-ний өдөр: Сонгуулийн ялагдалтайгаа эвлэрээгүй Иргэний хөдөлгөөний намын Ж.Батзандан, О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар МАХН-ын байрны үүдэнд хүрэлцэн ирж, тусгайлан бэлдсэн индэртэй, машин дээрээс “Шударга бус сонгууль, МАХН-ыг газартай нь тэгшлэе” хэмээн уриалж, залуучуудыг хөөрцөглүүлж байсан юм.
Тэдний үг хэл, уриалга залуучуудын цөсийг хөөргөснөөр МАХН-ын байрыг шатаах ажил эхэлсэн ба хаанаас хэн ч юм авчирсан архинд халсан залуучууд МАХН-ын байр луу шуудай, шуудай чулуу нүүлгэн, лонх лаазтай, галтай бамбар хүрэл шидэлж, нөхцөл байдал хяналтаас гарсан юм. Халдлагын үеэр болсон үймээнд жагсаалд очсон олон арван хүн, эмх замбараагүй байдлыг зогсоохоор ажилласан цагдаа нар өртөн мод, чулуунд гэмтэж, МАХН-ын байрнаас гадна хажуугийн барилга, хүмүүсийн автомашин зэрэг эд зүйл шатсан.
Үймээнийг намжаан дарсан арга хэлбэр
АНУ: Капитолын ордон руу олон мянган хүн дайрч орсны улмаас үймээн хэрээс хэтэрсэн тул АНУ үндэсний гвардиа дайчлан, цагдаа нар үймээн дэгдээгчдийн эсрэг галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглав. Ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй улстөрчийг өмгөөлсөн дэмжигчдийн өдөөсөн хүчирхийллийн хөлд таван хүн амь насаа алдаж, 20 орчим цагдаагийн албан хаагч хүнд бэртэн эмнэлэгт хүргэгджээ. АНУ-ын нийслэл Вашингтон онц байдал зарлаад байна.
Монгол Улс: Монголын түүхэнд хараар тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ны үймээнийг намжаахаар Цагдаагийн байгууллага ажилласан бөгөөд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн эхлүүлсэн улстөрчдийн эмх замбараагүй үйлдлийн золиосонд мөн л таван хүний амь нас өртөж, 30 гаруй цагдаагийн алба хаагч эмнэлэгт хүргэгдэж, 300 гаруй алба хаагч бэртэж гэмтэж, зарим нь хөдөлмөрийн чадвараа бүр мөсөн алдсан байдаг. Хүчирхийллийг газар авахуулахгүйн тулд тухайн үед Улаанбаатар хотод мөн л онц байдал тогтоосон билээ.
Төрийн байгууллага, улстөрчид, хэвлэл мэдээллийн байр суурь
АНУ: Тус улсын хууль, хүчний байгууллагууд хэрэг явдлыг хүчирхийлэл гэж үзэж байна. Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх Жо Байден “Капитолын ордонд болсон явдал нь тэмцэл биш, үймээн самуун юм. Ардчилалд аюул тулгарлаа” хэмээн мэдэгдсэн бол Ерөнхийлөгч асан Б.Обама “Капитолын ордонд болсон хүчирхийллийг Д.Трамп өдөөсөн.
Энэ бол харгислал” гэж тодорхойллоо. Харин АНУ-ын Хууль зүйн яам Капитолын дайралтад оролцсон 70 гаруй хүнд ял сонсгож байгаа дуулгалаа. Мөн АНУ-ын Боловсролын сайд, Цагаан ордны олон албан тушаалтан болон Капитолийн ордны цагдаагийн албаны дарга нар сайн дураараа огцорч, ажлаа өгч байгаа бол Америкийн хэвлэлүүд улс орных нь түүхийг харлуулсан хэрэг явдлын гол зохион байгуулагчаар Д.Трампыг нэрлэж байна. Тухайлбал, “Guardian” сонин “Төрийн эргэлт хийх оролдлого” хэмээн дүгнэжээ.
Монгол: Ардчиллын эх орон АНУ сонгуулийн үр дүнгээс үүссэн үймээн самууныг хүчирхийлэл, харгислал хэмээн үзэж буй бол “Сонгодог ардчиллын загварыг нутагшуулж яваа” гэсэн итгэл үнэмшилтэй явсан Монголын улстөрчид 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлыг “Ардчилал, хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх тэмцэл. Сонгох, сонгогдох эрхийн төлөөх тэмцэл” гэж онцолдгоороо ялгарна.
Өнөөдрийг хүртэл 7 дугаар сарын 1-ны шөнө үймээн, самуунд оролцсон иргэдийг цэрэг, цагдаагийн хүчээр баривчлан хорьж, эрүүдэн шүүсэн. Ямар ч гэм зэмгүй залуучуудыг галт зэвсгээр буудан, эрэмдэг зэрэмдэг болгосон гэсэн гомдол, нэхэл тасардаггүй. Үймээн самуунд оролцон, галдан шатааж нийгмээ айдаст автуулсан залуусыг хэлмэгдсэн гэдгийг харуулах улстөрчдийн хэлэлцүүлэг олон удаа болж, асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн үймээнд оролцогчдыг суллаж байлаа.
Буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлага
АНУ: Конгресс Капитолын ордныг эзэлж авахыг завдсан хэрэгт буруутгагдаж эхэлсэн Доналд Трампыг шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө огцруулах асуудлыг сөхөн хөндөж эхэллээ. Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Д.Трампыг дахин аюултай үйлдэл хийхээс сэргийлэхийн тулд АНУ-ын цөмийн цохилт өгөх эрхийг авах санал гаргаад байна.
Колумбийн тойргийн прокурорын үүрэг гүйцэтгэгч эрхэм Д.Трампыг Капитолын халдлагатай холбогдуулан хэрэгт татахыг үгүйсгэсэнгүй. Д.Трампыг нийгэмд дахин хүчирхийлэл өдөөхөөс сэргийлж “Твиттер” компани Д.Трампын 88 сая дагагчтай хуудсыг устгаж, нэвтрэх эрхийг хаалаа.
Мөн жагсаалд идэвхтэй оролцсон хэрэгт буруутгагдаж АНУ-ын зарим шүүгч, өмгөөлөгчид ажлаасаа халагдав. Зарим компаниуд “Олон нийтэд айдас төрүүлсэн, нийгэмд аюултай этгээдтэй хамтран ажиллаж чадахгүй” гэж мэдэгдээд жагсаалд оролцсон ажилчдаа халж эхэлжээ.
Гэрэл зураг, видео бичлэгийг шүүн, хүчирхийлэлд идэвхтэй оролцсон иргэдийг баривчилан саатуулах, хариуцлага хүлээлгэх ажил өрнөж байна. Үндсэндээ ардчиллын цөм, сонгодог загвар гэгддэг АНУ “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь нийгмийг хамарсан үймээн, самуун биш. Нэг хүний үзэл бодол нийгэмд хор хохирол учруулсан хэлбэртэй, нийтийн амгалан тайван байдал, аюулгүй байдлыг алдагдуулах” ёсгүй гэдэг дээр хатуу байр суурь барьж байна.
Монгол: Долдугаар сарын 1-ний үймээн самууныг өдөөж, нийгмээ турхирсан манай улстөрчдөөс нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Харин ч эсрэгээр албан тушаалын “шагнал” авч, “Цогтой тэмцэгч” цолыг өөртөө наацгаасан. Тухайлбал, долдугаар сарын 1-ний хар түүхийн дараа Ж.Батзандан УИХ-ын гишүүн болж, О.Магнай Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын даргаар томилогдсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн. Долдугаар сарын 1-ны үймээнд оролцогчдыг үг хэлэх үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яллагдсан.
Тэмцэгчид бол эрх нь зөрчигдсөн хүмүүс гэсэн өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, өмгөөлөл хийж байсан Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Хууль зүйн сайд, Соёлын сайдын албан тушаалаар шагнуулж байлаа. Долдугаар сарын 1-нд таван хүний амь нас хохирсон буруутнаар үймээн самууныг намжаахаар ажилласан Цагдаагийн байгууллагын удирдлагууд нэрлэгдэж, Монголчууд хурандаа нартаа ял оноосон. Хамгийн сүүлд 2017 онд тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Амарболдын генералыг Ерөнхийлөгч Х.Баттулга хураасан болно.
Н.ЦЭНДБАТ