УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлуулахад бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн асуулт, хариулт, хэлсэн үгийг тоймлон хүргэвэл;
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өмнөх сонгуулийн тухай хуулиудаас ухуулагчийн нэмэгдэж байгаа юм байна. Гэтэл энэ заалтаар ухуулагч нэрээр мөнгө тараалт хийх боломжийг нэр дэвшигчдэд олгодог.
Энэ заалтыг яаж өөрчилж байгаа вэ. Ер нь сонгуулиар хөрөнгө их зардаг байдлыг зогсоох хэрэгтэй.
СЕХ-ноос гаргаж байгаа зардал өндөр тавиддаг. 400-500 сая төгрөгт хүргэж энэ зардлыг хөөргөддөг. Тиймээс ухуулагчдын зардлыг бууруулах нь зөв гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай улсын нэг сонгогчдод ногдох зардал маш өндөрт тооцогддог. УИХ-ын сонгуулийн тухай хуульд 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэсэн заалт орсон. Энэ заалт сонгуулийн зардлыг хамгийн их өсгөж байгаа. Үүнээс татгалзая гэсэн боловч АН-ын бүлгээс энэ саналыг оруулж ирсэн юм билээ. Бүлгийнхээ энэ шийдвэрийг дэмжиж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг байр сууриа илэрхийлэх ёстой байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сонгуулийн зардалтай холбоотой заалт хасагдсан байна. Нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланг ҮАГ-т өгдөг. Энэ нь зөв практик.
Хуулийн төсөл дээр 800 сонгогч тутамд нэг ухуулагч байна гэж оруулж ирснийг АН-ынхан 200 болгох санал гаргасан юм байна. Ухуулагч нарын тоо заахгүйгээр цөөн байлгах зохицуулалт хэрэгтэй. Үүн дээр мэдээллийн технологи ашиглая. Блокчэйн буюу гар утсаараа санал өгдөг зохицуулалт руу шилжье. Үүнийг ашиглах боломж хэр байгаа вэ.
Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших үү гэдэг асуултад хариулт авмаар байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвшихгүй гэдэг заалт оруулсан. Үүнийг одоогийн хуульдаа тодорхой оруулж өгөөч. Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж сонгогдвол 10 жил Ерөнхийлөгч байх нь. Бид ийм удирдагчтай болъё гэж энэ нийгмийн байгуулж байгаа юм уу. Өмнөх Ерөнхийлөгч найман жил төрийн тэргүүн байсан. Одоо дахин сонгогдвол нийт 14 жил Ерөнхийлөгч байх нь. Ийм боломжуудыг нь хааж өгөх ёстой биз дээ. Ийм зорилгоор дарангуйлагч төрүүлэхгүй гэж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Үүнийг яагаад тодруулж өгөхгүй байна вэ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сонгуулийн зардлын тайлантай холбоотой хэсгийг хасаагүй. Сонгууль их зардалтай болж байгаатай санал нэг байгаа. Гэхдээ энэ асуудал сонгуулийн тогтолцоо болон Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдана.
Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх асуудлыг Үндсэн хуульд заасан. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийг тайлбарлаж болохгүй. Тиймээс Үндсэн хууль болон сонгуулийн ерөнхий хуулиа баримталж байгаа.
Н.Энхболд: Анхнаасаа хуулийн төсөлд ямар тоотой орж ирсэн, явц дундаа хэрхэн орж ирснийг гишүүд ярьчихлаа. Энэ бол эцсийн хэлэлцүүлэг, үүнийг бид одоо унагаачихвал анхны санал нь хэвээр үлдэнэ. Үүнийг бодолцоно биз.
Энэ хуулиар нэг ухуулагчид 40 төгрөг өгнө гэсэн тоо байхгүй. Нийт гарах зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий хороо тогтоох ёстой. Хууль энэ маягаараа юм уу, эсвэл уналаа гэхэд, өөр маягаар явчихлаа гэж бодоход яг зардлын хэмжээг гаргах, багасгах боломж сонгуулийн ерөнхий хороонд байгаа гэдгийг гишүүд анхаарна биз.
Авилгатай холбоотой заалт дээр ганц л зүйл хийе. Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авилгын эсрэг конвенцод нэгдэн ороод 2005 оныхоо сүүлээр соёрхон баталсан байгаа. Энэ дээр сонгогдох, сонгох эрхтэй холбоотой асуудлыг онцгойлон тусгасан байдаг юм билээ.
7-р зүйлд: Нийтийн албанд нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэх, сонгох шалгуурыг тогтоохдоо энэ конвенцын зорилт, дотоодын хууль тогтоомжид тулгуурлаж, зарчимд нийцүүлж авах асуудлыг авч үзнэ гээд заачихсан байдаг юм билээ.
Тухайн үед эрх барьж байгаа намууд ч юм уу, дангаараа хийгээд байгаа ажил биш. ОУ-ын нэгдэн орсон конвенцын үзэл, агуулгыг тусгаж явах нь зүй ёсны хэрэг байх байсан болов уу? Тэгээд ч төрийн албан хаагчидад хүртэл зарим алба хашихад хязгаарлалт тогтоогддог. Цагдаагийн ажилтан гэхэд хэргээр шийтгүүлсэн байх нь битгий хэл асуудалд огт холбогдоогүй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг.
Тэгэхээр төрийн тэргүүнийг сонгохдоо авилга, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй гэх шаардлагыг аль ч нам хүчин барих ёстой байсан болов уу.
Н.БАТАА