МҮХАҮТ-аас Татварын ерөнхий газартай хамтран Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4-д заасан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн дотооддоо үйлдвэрлэсэн түүхий эдийг худалдан авсан албан татварыг 10 хувиар хасаж тооцох тухай заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон хүнсний үйлдвэрүүдэд тулгарч байгаа асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин удирдаж, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, дэд дарга Д.Цогтжаргал, газрын дарга Д.Хүрэлчулуун, МХХ-ны гүйцэтгэх захирал М.Нармандах, ХХААХҮЯ-ийн төлөөлөл болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч ААН, орон нутгийн ХАҮТ-ын удирдлага нийт 70 гаруй хүн оролцлоо.
Уулзалтын үеэр Татварын ерөнхий газраас НӨАТ-ын шинэчилсэн заалтуудыг мах, сүү, газар тариалангийн түүхий эдийг боловсруулах, худалдан борлуулах үе шатуудад хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын татварын орлогод эзэлж буй хувь нэмэр, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар танилцуулга хийв.
Монголын хүнсчдийн холбоо болон мах, сүү, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй хүндрэл, ойлгомжгүй зүйлээ тодруулж, санал бодлоо хэллээ.
Татварын ерөнхий газрын удирдлагууд асуудлыг хуулийн хүрээнд, үйлдвэрчдийг хохироолгүй шийдэхээ мэдэгдээд цаашид татвартай холбоотой асуудлуудаар салбарчилсан байдлаар ийм уулзалт хэлэлцүүлгүүдийг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж : МҮХАҮТ