Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: “Юуны өмнө бид маш тайван байх хэрэгтэй байна. Хүнсний зохиомол хомсдол үүсгэж, үнэ ханш өсгөж ард иргэдийг сандаргаж болохгүй. Нөөцөнд 40-60 хоногийн хүнсний нөөц байна. Өнгөрсөн хавар гуравдугаар сард Францын иргэнээс коронавирус илэрэхэд яаж үнийн хөөрөгдөл үүссэн билээ. Ер нь сандарч, яарснаар асуудлыг шийдэхгүй.
Төр засаг болоод Нийслэлийн зүгээс хүн амын эрүүл мэндийг анхаарч ажиллаж байна. Нөхцөл байдал муудвал яаж ажиллах вэ гэдэг төлөвлөгөөг гаргасан. Холбогдох байгууллагууд бүгд онцгой байдалд төлөвлөгөөний дагуу шуурхай ажиллаж байна. Одоо бид бүхэн ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хангаад аливаад тайван хандах нь чухал юм.
Улсын онцгой комисс урьд шөнө 01:00 цагт хуралдсан. Дараа нь Нийслэлийн онцгой комисс мөн шөнийн 03:00 цагт хуралдсан. Нийслэлийн харьяа байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа. Хувь хүний сахилга бат, иргэн хүний үүргээ ухамсарлаад явбал илүү оновчтой байна гэж бодож байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарган халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Аялал зугаалга, баар, цэнгээний газар, сургалт, сүм хийд, цахим тоглоомын газар, соёл үйлчилгээний газруудыг гурав хоногийн хугацаанд хязгаарласан” гэлээ.
Б.Эрдэнэ