УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Нөхөн сонгуулийг жилд хоёр удаа л зохион байгуулж байгаа. Зургадугаар сарын хоёр дахь долоо хоног, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт явуулахаар байгаа. Энэ хүрээндээ л сонгууль нь явагдана” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” хэмээн заасан байдаг.
МАН-ын бүлгийн даргын хэлж буй жилд хоёр удаа л нөхөн сонгууль явуулах зохицуулалт нь 2015 онд баталсан сонгуулийн нэгдсэн хуульд байсан зохицуулалт юм. 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан хуулиар бол УИХ-д орон гарснаас хойш хамгийн ихдээ 50 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлаж, товлон зарласнаасаа хойш хамгийн ихдээ 70 хоногийн дотор зохион байгуулах юм байна.
УИХ-д орон гарснаас хойш дөрвөн сар буюу 120 хоногийн дотор нөхөн сонгууль зохион байгуулна гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар аравдугаар сарын 23- нд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Иймд Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг ирэх арванхоёрдугаар сарын 13-наас өмнө товлон зарлаж, хоёрдугаар сарын 23-ны дотор санал хураалт явуулах аж.