ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны эх орондоо айлчлахыг хүссэн урилгыг хүлээн авчээ.
“Эцэст нь хэлэхэд, Монголын Гадаад харилцааны сайд намайг Улаанбаатарт дахин айлчлахыг урьсан. Би уг хүсэлтийг биелүүлэхийн төлөө дуртайяа хичээнэ” гэж С.Лавров Н.Энхтайвантай хийсэн хэлэлцээний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Оросын дипломатчийн хэлснээр, талууд хоёр орны түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцсон ажээ.
Н.Энхтайван үг хэлэх үеэрээ, Монголын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан Оросын талд талархал илэрхийлээд, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ.
Хоёр орны Гадаад хэргийн сайд нар хоёр талын, бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр Москва хотноо хэлэлцээ хийжээ. Мөн талууд Орос-Монгол дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой 2021 онд болж буйг тохиолдуулан зохион байгуулах хамтарсан үйл ажиллагаануудын бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцсон байна.