Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /ФИБА/ зохион байгуулсан анхдугаар ур чадварын Дэлхийн аваргад Монгол улсын 17 насны хөвгүүд түрүүлсэн билээ.
Тэгвэл манай баг тамирчид Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос ирүүлсэн Дэлхийн аварга багийн шагналаа Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас гардан авлаа.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр баг тамирчдад баяр хүргэж, сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаад талархал дэвшүүлсэн юм. Дашрамд дахин сануулахад ФИБА-с дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотой 17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсан байна.
Иймд цахимаар ур чадварын ДАШТ-ийг зохион байгуулсан. Энэхүү ур чадварын дэлхийн аваргад Монголын баг Ази тивийн бүсэд өрсөлдөн эрхээ авч Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн бөгөөд дэлхийн аваргад манай баг өөрсдийн амжилтаа гурван удаа шинэчилэн тогтоож Дэлхийн анхдугаар ур чадварын тэмцээний аварга болсон.