Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн салбарын дөрвөн гол хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 1-нээс зарим өөрчлөлт мөрдөгдөж эхлэхээр болжээ. Ингээд Эмнэлгийн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтийг тоймлон хүргэж байна.
Даатгал төлдөг иргэд дурын эмнэлгээс үйлчилгээ авах боломжтой
1. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол та өөрийн дуртай эмнэлэг эмчээ сонгон үйлчлүүлэх боломжтой болов. Өөрөөр хэлбэл, заавал дүүрэг, хорооны эмнэлэг гэхгүйгээр даатгал төлдөг л бол өөрийн сонгон дурын эмнэлэгтээ хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой гэсэн үг.
2. Монгол Улсын төсвөөс Эрүүл мэндийн салбарт хуваарилдаг бүх төсвийг Эрүүл мэндийн даатгалын санд бүрэн шилжүүлж байна. Төсвөөс өгсөн мөнгийг үр дүнтэй зарцуулж байна уу, хэн нь зөв эмчилгээ хийж, ямар өвчтөн эмчлэгдээд гарав, ямар эмч, эмнэлэгт ажилдаа хариуцлагагүй хандав гэдэгт дүн шилжилгээ хийж, дараагийн санхүүжилтийг олгох эсэхээ шийддэг механизмыг бий болгоно.
3. Аливаа өвчин эмгэгийг ДЭМБ-ын тогтоосон стандарт, зөвлөмж, эмнэлзүйн удирдамжийн дагуу Монгол Улс эмч, эмнэлгийн байгууллага тухайн өвчтөнийг эмчилж чадсан уу гэдгийг хянах, эмчилгээний чанарыг үнэлэх аж.
4. Яаралтай тусламжийн санхүүжилтийг төрөөс даадаг байсан. Яаралтай тусламжийн төсөв аваагүй эмнэлэг яаралтай тусламж үзүүлдэггүй байсан. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулснаар яаралтай тусламж үзүүлсэн хувийн болон улсын бүх эмнэлэгт санхүүжилтийг өгдөг болно. Эмнэлгийн яаралтай тусламжийг дуртай эмнэлгээсээ авах боломжийг бүрдүүлжээ.
5. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй эмийг бүх аптекууд өгдөг болох өөрчлөлтийг хуульд хийжээ. Эмийг олгох жорыг зөвхөн өрхийн болон сумын эмч бичдэг байсан бол үүнийг болиулж бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар бичиж өгдөг болохоор шийдвэрлэлээ.
6. Гадаадаас орж ирж байгаа эм нь иргэдийн гар дээр очихдоо 60-70 хувийн өсөлттэй үнээр борлуулж байгааг зогсоох, хуурамч эмийн асуудал дээр хяналт тавьж, хатуу хариуцлага тооцох асуудлыг хуульд тусгасан байна.