“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40-65 насны иргэдэд хепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар үнэ төлбөргүй хийж, эмчилгээний зардлыг төр хариуцахаар болсон.
Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлэх юм.
Нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байхыг зөвлөлөө.
Бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах ажлуудыг хийж байна.
- Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсний дагуу нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна.
- Хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд ашиглах багцыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль”-ийн дагуу худалдан авахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд зарлаж, гэрээг 2017 оны 06 дугаар сарын эхэнд нийлүүлэгчтэй хийхээр урьдчилан төлөвлөж байна.
- Эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар