Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы нийтийн тээврийг төрөлжүүлэн шинэчлэх, түгжрэлийг бууруулах зорилтот ажил хэрэгжиж давхар болон сургуулийн зориулалттай автобус Монголд ирээд байна.
Сургуулийн болон аялал жуулчлал, бизнесийн зориулалт бүхий нийтийн үйлчилгээний автобус Улаанбаатарын авто замаар зорчиж хүүхэд, залуучууд, өндөр настангууд цөм ийм тохилог зориулалтын унаагаар үйлчлүүлэх юм байна.
1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөртөө тогтмол буюу давхардсан тоогоор 600-650 мянган зорчигчид йлчлүүлж байна. Эдгээр зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байгаа бөгөөд сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал байнга ирдэг. Тиймээс 2020 онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийн бэлтгэл ажлууд эхлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар хамгийн их зорчилттой Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордны хооронд өдөрт 400-450 мянган зорчигч зорчдог. Энэ замд соронзон галт тэрэг явуулахаар ажиллаж байгаа аж. Сургуулийн автобусыг туршилтаар 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 29 сургуулийн 33 чиглэлд 40 автобус явуулж эхэлсэн юм байна.