Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.01/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан дахь лабораторид 371 хүнд тандалтын болон давтан шинжилгээ хийснээс 365 хүнээс халдвар илрээгүй. Тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирж, тусгаарлагдсан сонсогчдоос зургаан нь илэрсэн. Ийнхүү 18-19 хоногийн дараа давтан шинжилгээнээс халдвар илэрлээ.
Алтанбулаг боомтоор орж ирсэн 33 жолоочид шинжилгээ хийсэн ба халдвар илрээгүй. Ингэснээр, нийт халдварын тохиолдол 185-д хүрч, эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 141 өвчтөн байна. Эдгээрийн 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр. Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж байна.
Истанбулаас ирсэн 179 хүнээс сорьц цуглуулахаар өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч нар ажилдаа гарлаа. Анхаарлаа сулруулж болохгүй, амны хаалтаа зүүж, бээлий өмсөхийг уриалж байна. Одоогийн байдлаар, коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эдгээр арга болоод байна.
КОВИД-19 генийн дарааллыг өөрчлөгдөж буй эсэхийг судалж байна. Дэлхийн дахинд мөн үүн дээр онцгой анхаарал хандуулж байна. Учир нь генийн дараалалд өөрчлөлт орж буй эсэх нь вакцин бүтээхэд туйлын чухал.
Монголд эмчлүүлж буй өвчтөнүүд дунд 8-16 насны таван хүүхэд, гурван жирэмсэн эх байна. Халдвар авсан хүмүүс 8-65 насныхан бөгөөд ихэнх нь оюутнууд. Чихрийн шижинтэй, хавдартай хүмүүст эмчилгээ тохируулж хийж байгаа.