ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.Гордеев Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд Ялалтын 75 жилийн ойн мэдчилгээ ирүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТАНАА
Эрхэм хүндэт ноён Ө.Энхтүвшин
Гитлерын түрэмгийлэгчдийн эсрэг байгуулсан бидний хамтын Ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!
Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улсын хамт фашист Германы эсрэг тэмцлийг эхлүүлсэн анхны улс юм. Монгол Улсын Ардын Хурал манай улсыг дэмжих тухай шийдвэрийг 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор зарласан билээ.
Энэхүү мөчөөс эхлэн монголын ард түмэн өөрийн амин чухал хэрэгцээг үл тоон, чин хүсэл бүхий ухамсарт эрмэлзэл дор манай улсад нэн тэргүүнд шаардлагатай байсан тусламжийг илгээх болсон юм.
Монгол Улсаас ЗХУ-д нийлүүлсэн мах, ноосны хэмжээ АНУ-аас лендлизээр нийлүүлсэн тусламжаас их байсан! Монголын ард түмний тусламжгүйгээр фронтод байлдаж байсан цэргүүдээ ЗХУ хүнсээр хангаж чадах байсан эсэхийг төсөөлөхөд бэрх юм. Москва, Сталинград хотуудын орчимд фашистууд дааран хөлдөж байхад Монголоос илгээсэн хонины нэхий дээлтэй зөвлөлтийн байлдагч, офицерууд тухтай байж билээ. Монголын ард иргэдийн цуглуулсан хөрөнгөөр бүхэл бүтэн танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулсан юм. Улаан армийн бүрэлдэхүүнд мянга мянган Монголын сайн дурынхан баатарлагаар тулалдсан. Тэд нар ан агнуур, морь унах чадвараа ашиглан мэргэн буудагч, тагнуулчид болцгоож, аль эсвэл морин хороонд байлдаж байв.
Бид Ялалтыг хамтдаа ойртуулж, тэсвэр хатуужилтай монгол морь зөвлөлтийн танктай хамт Берлин хотод хүрэх тэр өдөр ирсэн юм!
Агуу их Ялалтад Монголын ард түмний оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг бид хэзээ ч мартахгүй санан дурсах болно!
Таны ахалж байгаа Монгол Улсын онцгой комисс коронавирусын цар тахлын эсрэг амжилттай ажиллаж байгаа билээ. Энэхүү цар тахал болон өмнө тулгарсан бусад аливаа бэрхшээлийг бид хамтдаа амжилттай даван туулж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Эрхэм хүндэт ноён Ө.Энхтүвшин Танд манай хоёр орны хооронд найрамдалт харилцаа, стратегийн түншлэлийг хөгжүүлэх үйлсэд цаашдын амжилт, Танд болон Таны ойр дотны хүмүүст эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.