Өнөөдөр Аугаа их ялалтын баярын 75 жилийн ойн өдөр. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч мартах учиргүй дайны сүүдэр дэлхийг нөмөрч, 71 сая хүний алтан амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр юм.
Дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан гэдэг. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан.
Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.