Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдлаа.
Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан билээ.
Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг: мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын онцгой комиссоор шийдвэр гаргалаа. Хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэрийг гаргалаа.
Харин зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээлийг явуулна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож, анги дэвшүүлнэ. Хүүхэд улираах асуудал гарахгүй.
Цэцэрлэг, сургуулийн элсэлтийг наймдугаар сард зохион байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулна. Долдугаар сарын 8, 9-ны өдөр их, дээд сургуулиуд цахимаар элсэлтээ авна.
Монгол хэл, бичгийн шалгалт авдаг Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой. Гэхдээ энэ жилийн хувьд өнжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалт авахгүй бүх хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй. Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдийг улаан шугамаар хасахгүй бөгөөд эдгээрийг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулна.
Улсын хэмжээнд 158 хувийн ерөнхий боловсролын сургууль бий. Төлбөр нь янз бүр. Манай яам төлөөлөлтэй нь уулзсан. Теле хичээлийнхээ хажуугаар нэмэлт хичээлээ явуулж байгаагаа хэлсэн. Эцэг, эхтэй байгуулсан гэрээнийхээ хүрээнд төлбөрийнхөө асуудлыг ярилцаж, гэрээгээ дүгнэж ажиллах нь зүйтэй.
Төлбөрөө бүрэн авсан сургууль, цэцэрлэг цөөхөн байна. Маш өндөр төлбөртэй сургуулиуд эцэг эхээсээ санал асуулга явуулж байгаа юм байна. Нэгэнт хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бол эцэг, эхтэйгээ тохиролцох хэрэгтэй” гэх тайлбарыг өглөө.