Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “ЭЕШ авах хуваарийг одоогийн байдлаар өөрчлөөгүй.
Долдугаар сарын 8, 9-нд их, дээд сургуулийн элсэлтийг цахимаар явуулах нь хэвээр байгаа.
Монгол хэл бичгийн шалгалтыг заавал авдаг. Уг шалгалтад босго оноогоо авсан хүүхэд ЭЕШ өгдөг байсан. Харин энэ жил уг шалгалтыг алгасаж, бүх төгсөгчид ЭЕШ өгөх эрхтэй болж байна.
Есдүгээр анги төгсөж буй хүүхдүүд “Улаан шугам”-д жагсахгүй. Бүгд аравдугаар ангидаа дэвшинэ” гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилд 28,500 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байна. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 28,155 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгэлийн хугацаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт хаагдах бөгөөд энэ хугацааг сунгахгүй Боловсролын үнэлгээний төвөөс удаа дараа сануулж байгаа билээ.