Нийслэлийн дүүрэг, хороодод 1700 орчим хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагийн эрх үүргийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гаргасан.
Улмаар нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан. Өмнө нь 200 гаруй хэсгийн ахлагч сургалтад хамрагдсан байдаг. Хэсгийн ахлагч нар дөрөвдүгээр сарын 15-наас олон нийтийн цагдаагийн үүргийг давхар биелүүлэх бөгөөд амны хаалт зүүгээгүй, үүрэг биелүүлээгүй иргэдэд хяналт тавьж, хариуцлага тооцно.
Дүүрэг хороодын нутаг дэвсгэр болон оршин суугчдын нөхцөл байдлыг мэддэг давуу талтай учраас хэсгийн ахлагч нарыг олон нийтийн цагдаагаар ажиллуулах шийдвэр гаргасан” гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн нийт 8645 км газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн бөгөөд үүнд 400 гаруй сая төгрөг зарцуулсан талаар дурдав. Мөн хуурайшилт ихтэй үед түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулав.