Нийтийн тээврийн үйлчилгээний газар нь “Автотээврийн тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар “Автотээврийн хэрэгслийг үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишиг үнэ батлах тухай” тогтоол, Зам, тээврийн Сайдын 2013 оны 232 дугаар “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй энэхүү ажил энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд дээрх хугацаанд сургуулиуд тээврийн хэрэгслийнхээ техникийн бэлэн байдлыг хангаж, үзлэгт бүрэн хамруулахыг нийтийн Тээврийн үйлчилгээний газраас анхааруулж байна.
Үзлэгээр Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын стандарт MNS6440:2014 “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага”-д нийцсэн байдлыг шалгах юм.
Түүнчлэн Монгол Улсын стандарт MNS4598:2011 “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” болон холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж буй байдалд Тээврийн цагдаагийн албаны байцаагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллана.
Тодруулбал, хүүхэд тээвэрлэх автобус нь 12-оос доош жил эдэлсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР