Оюуны өмчийн газрын 2019 оны жилийн эцсийн мэдээгээр Монгол Улсын хэмжээнд хүчинтэй байгаа 4417 патентын 1138 нь шинэ бүтээлийн, 3279 нь бүтээгдэхүүний загварын патент байна.
Улсын хэмжээнд 2019 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 470 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 79 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 407 бүтээлд патент олгосны 192 нь шинэ бүтээлийнх, 215 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 12 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 43 бүтээлд шинээр патент олгосны 13 нь шинэ бүтээлийнх, 30 нь бүтээгдэхүүний загварынх байна.
Нийт олгосон патент, төрлөөр, сараар, 2019
Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзэхэд, 66 нь хими, төмөрлөг, 60 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 21 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 45 нь бусад ангилалд хамаарч байна.
Шинэ бүтээлд олгосон патент, олон улсын ангиллаар, 2019 он
Монгол Улсын хэмжээнд 2019 оны эцсийн байдлаар хүчинтэй 995 ашигтай загвар байна. Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 онд 229 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 166 ашигтай загварт гэрчилгээ олгожээ.
Харин 2019 оны 12 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 21 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна. Монгол Улсын хэмжээнд 2019 оны эцсийн байдлаар хүчинтэй 48.0 мянган барааны тэмдэгт байна.
Барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2019 онд 4603 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 2403 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж
гаргасан олон улсын мэдүүлэг байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3927 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгож, 588 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна.
Харин 2019 оны 12 дугаар сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 445 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна.