2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй анализ нийтлэлээс та бүхэнд толилуулж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 сарын 2-нд Ираны генерал Касем Сулейманыг устгасан явдал өнгөрсөн долоо хоногийн дэлхий дахины гол үйл явдал байсан төдийгүй 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид нөлөөлөхүйц чухал зүйл байлаа. Америкийн улс төр судлалын эрдэмтэд болон экспертүүд Иранд цохилт өгсөн энэ явдлыг “Туг тойрсон дэмжлэгийн синдром” буюу АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар олон улсын хямрал, мөргөлдөөнийг ашиглан олон нийтийн дунд дэмжлэг олж авах гэсэн оролдлогын нэг гэж үзэж байгаа юм.
1970 онд Америкийн улс төр судлаач Жон Мюллер ерөнхийлөгчийн засаг захиргааны бодлогыг шүүмжлэгчдийн анхаарлыг сарниулах, дэмжлэг олж авахын тулд томоохон дипломат шийдвэр гаргах, эсвэл цэргийн үйл ажиллагаа явуулахыг “Туг тойрсон дэмжлэгийн синдром” гэж нэрлэсэн байдаг. Туг тойрсон дэмжлэгийн синдром бол зөвхөн АНУ-ын улс төрд биш, дэлхийн томоохон гүрнүүдийн гадаад бодлогод байсаар ирсэн билээ.
Доорх зурагт АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийн олон улсын тавцан дахь цэргийн интервенц ба рейтингийн өсөлтийн хамаарлыг олон нийтийн санаа бодлын Гэллап институтын судалгааны дүнгээр харуулав.
Ер нь бол ерөнхийлөгчийн олны дундах нэр хүнд сонгуулийн үр дүнг шууд тодорхойлохгүй ч цэрэг дайны шинжтэй үйл ажиллагааны үеэр сонгогчдын оролцоо ихэд нэмэгддэг. Америкийн улс төр судлаач Синди Кэм, Женнифер Рамос нарын Vox сэтгүүлд өгсөн ярилцлагаас үзэхэд нийтийн дайсан, гадаад аюул занал нь аливаа улс орон, үндэстнийг нэгтгэн нягтруулж эх оронч үзлийг өдөөдөг гол зүйл юм. Ялангуяа ерөнхийлөгч хэмээх хувь хүний хүчин зүйл онцгой үүрэгтэй байдаг АНУ-ын хувьд бусад парламентын засаглалтай орнуудтай харьцуулахад ерөнхийлөгчийн гадаад бодлогын аливаа шийдвэр бүр рейтингэд шууд нөлөөлдөг байна.
Олон улсын харилцаанд реалист гадаад бодлого явуулдаг их гүрний хувьд дэлхий дахины хямрал, бүс нутгийн мөргөлдөөнийг АНУ дотоод бодлогын нэгэн тоглоом болгон ашиглах явдал ямагт байсаар ирсэн. Иймэрхүү олон улсын хямралд оролцсон ерөнхийлөгч нарын рейтинг ямагт өсдөг түүхтэй. Жишээ нь 2000 оны 9 сарын 11-ны халдлагын дараа Жорж Бушийн рейтинг 90 хувьд хүрсэн нь Америкийн түүхэнд байгаагүй рекорд болсон. Мөн 1962 оны Кубын пуужингийн хямралын дараа Жон Кеннедигийн, 1979 оны Тегеран дахь АНУ-ын дипломатчдыг барьцаалсан хэргийн дараа Жимми Картерийн, 1991 оны Персийн булангийн дайны дараа том Жорж Бушийн рейтинг огцом өсч байсан билээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2011 оны 5 сарын 2-нд Осама бин Ладеныг хөнөөснөөр 6 хувийн рейтингтэй байсан Барак Обамагийн рейтинг гуравхан өдрийн дотор 52 хувь болж өсөж байсан.
Тэгэхээр Трампын зүгээс Иранд өгсөн цохилтыг зүгээр нэг терроризмтэй хийх тэмцэл гэж үзэх боломжгүй юм. Тэр ч байтугай Трамп өөрөө 2011 оны 11 сарын 15-нд “Барак Обама тун ойрын үед Иран руу дайрч магадгүй. Ингэх нь түүний сонгуульд ялахад тус хүргэнэ” гэж жиргэж байсан юм.
Хэрэвзээ “Туг тойрсон дэмжлэгийн синдром” үнэхээр бодитой бол Иран дахь энэхүү цэргийн ажиллагаа нь Трампын рейтингэд эерэгээр нөлөөлөх ёстой. Гэвч үнэн хэрэгтээ нөхцөл байдал тийм амар биш байна.
Трамп генералыг хөнөөх шийдвэрээ Конгресст мэдэгдэлгүй гаргасан, АН-ынхан болон олон улсын шинжээчдийн зүгээс Ойрхи Дорнодод мөргөлдөөний шинэ гал асаасан гэж шүүмжлэгдэж байгаа юм.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Ираны асуудлаар ямар байр суурьтай байна?
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсээс сенатч Берни Сандерс болон Элизабет Воррен нар Иранд хийсэн Трампын цэргийн ажиллагааг эрс буруутгасан байр сууриа удаа дараа олон нийтэд илэрхийлээд байна.
Элизабет Воррен АНУ-ын ерөнхийлөгчийн эн тэргүүний үүрэг бол Америкийн аюулгүй байдлыг хангах явдал. Гэтэл Трампын энэ удаагийн бодлогогүй үйлдэл нь манай улсын аюулгүй байдалд заналхийлэл авчирлаа гэж мэдэгдсэн. Харин Берни Сандерс үе үеийн ерөнхийлөгч нарын дайн хийдэг алдааг энэ удаа Трамп бас давтлаа. Яг л хуучны аргаар цэргийн ажиллагаагаа зөвтгөхийг оролдож байна гэсэн.
Ираны генералыг хөнөөсөн Трампын ажиллагааг Америкийн олон нийт юу гэж үзэж байна вэ?
Америкийн олон нийтийн дунд Ойрхи Дорнодын асуудалд АНУ болгоомжтой хандах нь зүйтэй гэх хандлага сүүлийн жилүүдэд зонхилж байгаа нь судалгааны дүнгүүдээс харагддаг. Тухайлбал, Мэрилендийн их сургуулийн 9 сард хийсэн судалгаагаар Америкчууд Ирантай дайн хийвэл давуу талтай гэж үзэх хүмүүс дөнгөж 35 хан хувь байгааг тогтоосон юм. Мөн өнгөрсөн зуны Гэллапын асуулгаар судалгаанд оролцогчдын 65 хувь нь АНУ-ын зүгээс Ираны эсрэг цэргийн цохилт өгөх нь хэт яарсан бодлогогүй алхам болно гэж хариулсан байдаг.
Тэгвэл 1 сарын 2-нд болсон Ираны генералыг хөнөөсөн явдлыг америкчууд юу гэж үзэж байна вэ?
Morning Consult судалгааны газраас 1 сарын 4-нөөс 5-ны хооронд сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 1995 хүний дунд хийсэн онлайн ярилцлагын дүнгээс үзэхэд Ираны асуудлаар Америкийн олон нийт үндсэндээ хоёр хуваагдсан байдалд байна.
Судалгаанд оролцогчдын 47 хувь нь Сулейманыг хөнөөснийг зөв гэсэн бол 40 хувь нь буруу гэжээ. (Эх сурвалж:
https://morningconsult.com/wp-content/uploads/2020/01/200106_crosstabs_POLITICO_RVs_v2_LM.pdf)
Мөн хүмүүсийн тэн хагас нь АНУ-ын аюулгүй байдалд аюул занал учирсан гэж үзсэн байна.
Насны бүлгээр үзвэл Z үеийнхэн буюу 18-22 насныхны дунд Трампын гадаад бодлогыг буруушааж байгаа хүмүүс хамгийн олон байгаа нь харагдав. Энэ насны залуучуудын гурван хүн тутмын нэг нь АНУ олон улсын тавцан дахь зөрчил, мөргөлдөөнд хэт их оролцож байна гэж үзжээ. Тиймээс “Ерөнхийлөгч Трампыг Сенат огцруулах ёстой юу?” гэсэн асуултад эдгээр залуучуудын 55 хувь буюу тэн хагасаас илүү нь огцруулах нь зүйтэй гэсэн байна.
Касем Сулейманийг хөнөөсөн нь АНУ-ын 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Трампын ялалтад нөлөөлөх үү?
Иранд өдөөсөн энэ явдлыг 2019 оны 12 сард Трампын зүгээс өөрийнх нь эсрэг дэгдсэн импичмент тооцох асуудлыг намжаах, олон нийтийн дунд хэтэрхий унасан нэр хүндээ өсгөх оролдлого гэж шинжээчид үзэж байгаа юм. Учир нь Трамп бол Харри Труменээс хойшхи хамгийн доогуур рейтингтэй ерөнхийлөгч болсон юм.
Хэдий тийм боловч америкчуудын дунд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас Трамп л дэвших нь зүйтэй гэсэн хандлага давамгай байгаа юм. “АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд БНН-аас Д.Трампыг нэр дэвшүүлэх нь зөв үү, эсвэл өөр хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй юу?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 71 хувь нь Трамп нэр дэвших нь зөв гэж хариулсан байгаа юм.
“Таны бодлоор АНУ зөв замаар явж байна уу, буруу замаар явж байна уу?” хэмээх аливаа улс орны иргэдийн төр засгийн үйл ажиллагаа, оршин буй дэглэмд итгэл үзүүлж буй байдлыг хэмждэг гол асуултад 60 хувь нь буруу замаар явж байна гэж хариулжээ. Ялангуяа хар арьстнуудын дунд Америк буруу замаар явж байна гэсэн хүмүүс хамгийн олон буюу 83 нь байна. Ер нь АНУ болон Баруун Европын ихэнх улс орнуудад иргэдийн олонх нь үүнтэй адил хариулт өгдөг болчихоод байгаа.
Америк сонгогчдын хувьд нам, нэр дэвшигчийг дэмжих гол асуудал бол татвар, цалин хөлс, ажлын байр, ажилгүйдэл гэдэг нь энэ судалгаанаас харагдаж байна. Судалгаанд оролцогчдын 25 хувь дээр дурьдсан эдийн засгийн асуудлуудыг нэрлэсэн бол 24 хувь нь терроризм, гадаад бодлого, улсын хил зэрэг аюулгүй байдлын асуудлыг чухалд тооцжээ.Үүний дараа эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ зэрэг асуудал 18 хувиар орсон байна.
Энэ бүгдээс харахад Иран руу хийсэн Трампын цэргийн ажиллагаа нь “Туг тойрсон дэмжлэгийн синдром” хэмээх өмнөх зүй тогтлуудын адилаар түүний нэр хүндийг сэргээх зүйл болсонгүй. Ялангуяа залуу сонгогчид Z үеийнхний дунд Трампыг буруутгагчид олон байна.
1 comment
Сонирхолтой. Үргэлжлэл нь орох уу?