Оймсондоо 10 мянган долларын авлигаа нуусан МХЕГ-ын газрын даргын дуулиан нэгэн үе иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн. АТГ энэ бичлэгийг задлахдаа “Энэ бол авлигын гэмт хэргийг баримтжуулсан ганцхан тохиолдол биш. Хэрэг болгоныг баримтжуулахаар ажилладаг” талаар ам нээж байв.
Өнөөдөр албанынханд өөр нэгэн авлигын гэмт хэргийг нотлох бичлэг байгаа талаар news.mn сайт мэдээлжээ. Нотлох баримтын эзэн нь Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ юм байна.
Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд АТГ баривчилан саатуулсан бөгөөд 20 мянган юанийн хахууль авч байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн тухай мэдэгдэж байсан юм.
Х.Оргил-Эрдэнэ нь 2016 оны наймдугаар сарын 29-ны өдөр ЗТХЯ-ны хэлтсийн даргаар томилогдсон. Түүний ахалдаг Замын ашиглалт, засварын хэлтэс нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дор харьяалагддаг. Үүнийг тодруулахын учир нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандыг мөн л АТГ-аас авлигын хэргээр баривчлан шалгаж байгаа.
Ийнхүү газрынх нь дарга Д.Доржханд хуулийн байгууллагаар шалгагдаж, ажлаа хийх боломжгүй болсноор түүний үүрэг гүйцэтгэгчээр Х.Оргил-Эрдэнэ ажиллаж эхэлсэн байна. Ингэхдээ газрынхаа даргын авлигын хэргийг ч мөн үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байх магадлалтай талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн хятад иргэнээс дээрх мөнгийг авсан гэх мэдээллийн дагуу АТГ-аас баривчлан саатуулсан ч цагдан хорих тухай прокурорын санал баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр түүнийг суллаж, гадуур шалгаж буй юм. Харин түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч хахууль аваагүй. БНХАУ-ын иргэн өрөөнд нь баглаатай зүйл орхиод зугтсан. Энэ үед АТГ-ынхан орж ирсэн. Боодол дотор юу байгааг мэдээгүй, үзээгүй” хэмээн мэдэгдсэн нь авлигын гэх тодотголтой хэргийг улам сонирхолтой болгон харагдуулж байгаа юм.