“The Hu” хамтлаг 2020 оны аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр өнөөдөр “Буянт Ухаа” олон улсын нисэх онгоцны буудлаас морджээ. Тэд тоглолтоо энэ сарын 15-аас ХБНГУ-ын Хамбург хотоос эхлүүлэх гэнэ.
Хамтлагийнхан нь ирэх долоодугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийх товоо зарлаад байна.
Дэлхий нийтэд эх орноо таниулж буй “The Hu” хамтлагийн залуус дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог “Coachella Valley Music and Arts Festival”-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Тус хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан төдийгүй нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн байна. Мөн тэд Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн аж. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн дуундаа клип хийлгэж, гурван дуу шинээр бичүүлсэн байна.