-Комигийн залгамжлагчдын тоонд Нью-Жерси мужийн амбан захирагч, Нью-Йоркийн цагдаагийн газрын экс дарга нарын нэр багтаж байна-
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дональд Трампыг Холбооны мөрдөх товчооны дараагийн тэргүүнээр хэнийг тодруулах бол хэмээн таамаглал дэвшүүлж байна. “Fox News”теле суваг л гэхэд таван нэр дэвшигчийг нэрлэжээ. Тус сувгийн таамаглалаар бол Тээврийн аюулгүй байдлын захиргааны дарга асан Жон Пистоле, Нью-Йоркийн цагдаагийн газрын дарга асан Рэймонд Келли, Ерөнхий прокурорын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч асан Кеннт Вайнштейн, Өмнөд Каролина мужаас конгресст сууж буй Трей Гоуди, Нью-Жерси мужийн амбан захирагч Крис Кристи нар нэрлэгджээ.
Тус улсын төрийн тэргүүн Дональд Трамп Ерөнхий прокурор Жефф Сешнсийн зөвлөгөөгөөр энэ сарын 9-нд Холбооны мөрдөх товчооны захирлыг ажлаас нь халсан билээ. Ийм шийдвэр гаргах болсон үндэслэлээ “итгэл алдсан” хэмээн албан ёсоор тайлбарласан.
Жеймс Коми ч төрийн тэргүүнээс огцрох захидал хүлээж авсныхаа дараа хамт олон, удирдлаган дор ажилладаг хүмүүстээ захидал бичжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Холбооны мөрдөх товчооны захирлыг ямар ч шалтгаанаар, шалтгаангүй байсан ч хамаагүй халж болно гэдгийг би үргэлж тооцоолсоор ирсэн. Би энэ шийдвэрээр маргаан дэгдээж, цаг үрэхгүй. Бүх зүйл болоод дууссан. Би та бүхэнтэй уулзаж, хамтарч ажиллахгүй болсон хэдий ч хэвийн байна” гэж бичжээ.
Э.ЗАЯА