Германы төмөр замын хамгийн том компани болох “Deutsche Bahn” томоохон алдагдалд орох эрсдэл үүсээд байна. Штуттгарт хотын төмөр замын төв вокзалыг шинэчлэн засварлах, 56 км урт орчин үеийн шинэ зам барих “Штуттгарт-21” төсөл аюулд оржээ. Учир нь зам барилгын ажил эрхлэгчдэд Штуттгарт Ульмын хоорондох замын хэсгээс олдсон гүрвэлүүд саад болсон байна.
Үнэндээ устах аюулд орж, Улаан номонд бүртгэгдсэн гүрвэлүүд биш, байгаль хамгаалагчид энэ төсөлд саад хийжээ. Үүний улмаас барилгын ажил жил хагасын хугацаанд саатаж, “Штуттгарт-21” төслийн өртөг хэд дахин нэмэгдсэн аж. Анх 1994 онд уг төслийг 2.46 тэрбум еврогоор үнэлж байсан бол 2016 онд 10 тэрбум болжээ.
Ховор төрлийн эдгээр гүрвэлийг нүүлгэн шилжүүлэхэд “Deutsche Bahn”15 сая евро гаргасан байна. Тэгэхээр гүрвэл тус бүрт 2000-4000 евро зарцуулж байгаа гэсэн үг юм. Мэргэжилтнүүд эхлээд гүрвэлүүдийг тороор барин авч, дараа нь Унтертюркхайм дүүрэгт шинэ газар суурьшуулж байгаа гэнэ.
Э.ЗАЯА