Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Шуурхай хурлаар амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүүхдийн орны зохицуулалт болон угаарын хийн хордлогын мэдээлэл, сүрьеэгийн аяны тайлан, “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээний нэг цэгийн журам”-ын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээг НЭМГ-ын холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцуулсан юм.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд “Эрүүл иргэн” аяны эцсийн бичмэл тайлан, санхүүгийн тайланг тогтсон хугацаанд ирүүлэх, нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн хүүхдийн үзлэгийг амбулаторийн үзлэгт бүртгэн, ТТТӨ-ний мэдээллийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн мэргэжилтэнд тогтмол өгөх,
“Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээний нэг цэгийн журам”-ын хэрэгжилтийн үнэлгээ, зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг ирүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг үр дүнтэй зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын А/881 дүгээр захирамжийн дагуу “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулал олгох журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах,
өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах, эрүүл мэндийн байгууллагын үр дүнгийн урамшууллыг өмнөх жилүүдэд хэрхэн олгосон байдалд дүн шинжилгээ хийж ирүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, хордлогод өртсөн иргэдэд хяналт тавих, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс эхлэн уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулах, байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж ирүүлэх зэрэг цаашид хийх ажлын үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР