VIII Богд Жавзандамба хутагт болон улсын Эх дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд дурсгалын зүйлс, ховор нандин, хачин сонин үзмэрүүдийг дэлгэсэн “Хааны хачин” нэртэй үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээгдлээ.
Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг соёрхон ёслох Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу энэхүү үзэсгэлэн нээгдсэн байна. Эндээс Богд хааныг хачин сонин цуглуулгыг үзэж болно гэж музейн ажилчид ярьж байна.
Үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны титэмт малгай, лүүжин буухдаа өмсдөг байсан шүрэн малгай, үнэт дээл, алтан гутал. Мөн мэргэ зурхайд ашигладаг байсан бөөр, загас хэлбэрийн чулууд, үхрийн чулуужсан яс, хүний гавлан аяга, загасны хошууны ясаар хийсэн хөрөө сэлэм, чойжингийн зангидсан ган сэлэм, төвөд ханчин гутал, төрийн шар ордны дэргэд байрлуулж байсан дохионы буу тэргүүтэн тавигдсан байна.
Үүнээс гадна мөнгө, гууль, төмөр, чулуугаар урласан долоон хоног, сарын хэмжүүр бүхий ширээний цаг ч байна. Галбарваасан чулуужсан мод, алт, гууль, мод хослуулсан уран сийлбэрт эмээл, алт, мөнгө, ямбуун хударга, алтан жасар хоргой, алт мөнгөн чимэгт дээл, хааны бага насны хөл магнаг дээл, торго, сувдан хантааз гэх зэрэг үнэ цэнтэй олон эдлэл, хэрэглэлийг дэлгэжээ.
“Хааны хачин” үзэсгэлэнг энэ сарыг дуустал ажилах бөгөөд мягмар, лхагва гарагаас бусад өдөр 10.00-17.00 цагт олон нийтэд үйлчлэх хуваарь гаргажээ.