УИХ-ын гишүүн Г.Занданшатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Үүнээс болоод төсвийн орлого тасрах уу?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар Цэцийн тогтоол гарсан. Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр байдаг. Тиймээс Их хурал яаралтай арга хэмжээ авч УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Цэцийн тогтоол гарвал холбогдох хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногийн дотор шийдэх хуультай. Төсвийн орлого тасрах асуудал гаргахгүйгээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн 47.1-ийг өөрчлөн боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Сангийн яамныхантай хамтран ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ. Тиймээс төсвийн орлого тасрахгүй байх боломж бий. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс аливаа аж ахуйн нэгж завших, төлөхгүй өнгөрөх нөхцөл үүсгэхгүй.
-Үнэхээр татварын давхардлын асуудал байсан юм уу. Энэ УИХ хуулийг баталсан шүү дээ?
-УИХ-ын даргын хувьд Цэцийн тогтоолыг үгүйсгэх боломжгүй байна.
-Улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарна гэдгийг Сангийн сайд хэлсэн. Харин Уул уурхайн сайд өөр байр суурьтай байгаа гэж байна. Холбогдох яамд нь энэ асуудалд өөр өөр бодлого бариад байгаа учраас Цэц дээр хуулиа хамгаалж чадсангүй гэж харах хүмүүс ч байна?
-Салбарын болон төсвийн орлого бүрдүүлэх зарчмын зөрүүтэй санал бодлын зөрөлдөөнүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлого 1.3 их наядаар тасрахгүй байх хуулийн өөрчлөлтийг хийх гарц гаргалгаа гаргаад ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэхээр төлөвлөж байна. Ер нь АМНАТ огт төлөгдөхгүй болчихвол 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасрах эрсдэл бий. Гэхдээ энэ нь Цэцийн тогтоолыг хүлээн авахгүй бай гэсэн үг биш. Давхардуулж байгаа зүйл заалт байвал засч залруул гэсэн чиглэл юм.
-Зарим компанийн лоббигоор энэ хуулийг УИХ баталсан гэдэг зүйлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдсэн. Та үүнд тайлбар өгөөч?
-Хүн болгонд хуулийг өөр өөрсдийнхөө тайлбарлах эрх бий. Ашигт малтмал ашигласан л бол төлбөрөө төлнө. Гэхдээ дахин боловсруулаад гаргаж байгаа бол эцсийн бүтээгдэхүүнээс л нэгдсэн журмаар авна. Журмаар зохицуулах боломжтой зүйлийг хуульд тусгаад зөрчил зөрөлдөөнд хүргэсэн байна гэж манай хууль зүйн ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Ажлын хэсэг ирэх долоо хоногт холбогдох байнгын хороодоор саналаа хэлэлцүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-БНХАУ-ын 800 гаруй иргэн манай улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг хуулийн байгууллага илрүүлсэн. Үүн дээр УИХ виз олгосон хүмүүст хариуцлага тооцох уу?
-Саарал жагсаалтад орсон шалтгаан нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар манай улс 35 их наяд төгрөг ил болголоо гэж зарласан. 35 их наяд төгрөг гэдэг бол манай улсын ДНБ-ээс бараг хоёр дахин их хэмжээний мөнгө далд байдаг болсон юм байна. Энэ нь ил гарч ирэхгүй, хар тамхи, нисэх онгоц хориотой улсад зарсан гэх мэт олон батлагдаагүй мэдээлэл их гарах тусмаа Монгол Улсын нэр хүнд гадаад талд унана. Бидний анхаарах ёстой шүүх хуулийн засаглал, оффшор, банк санхүүгийн системд засч залруулах зүйл маш олон байна. Хятадын 800 гаруй иргэнтэй холбоотой асуудлыг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Олон улсын онлайн мөнгөн гүйлгээг ашиглаж хийгдсэн байж болзошгүй эрсдэлийг таслан зогсоосон нь үүнийг илрүүлэхэд түлхэц үзүүлсэн. Эхний ээлжид хил гаалиар 100 компьютер 10 мянган гар утсыг илрүүлж чадаагүй нэвтрүүлсэн асуудалд хариуцлага тооцох шаардлагатай. Дээр дооргүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн олон улсын харилцааны асуудалд анхаарч ажиллах ёстойг саарал жагсаалт харуулж байна.
-Өчигдөр “60 тэрбум”-ын хэрэгт буруутгагдсан хүмүүс хариуцлага хүлээлээ ЖДҮ авсан хүмүүс хариуцлага хүлээх үү?
-УИХ-ын төвшинд маш олон өөрчлөлтүүд хийгдэж байгаа. ЖДҮ-гийн асуудал сүүлийн 27 жил бугшиж ирсэн идээ бээр нь ил тод болсон. Үүнд хариуцлагын асуудал яригдаад шийдэгдээд, УИХ-ын төвшин арга хэмжээгээ авч ажилласан. Ер нь цаашдаа тусгай сангуудыг цэгцлэх ажлыг хийнэ.
-Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардсан. Засгийн газрын төвшинд хариуцлагын асуудал яригдах уу?
-Монгол Улсад 530 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 230 гаруй хадгаламж зээлийн хоршооны мөнгөн гүйлгээний ажил сул байгаа нь саарал жагсаалтад орох нэг шалтгаан болсон. Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгосон.