“Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-д уул уурхайн салбарын 180 гаруй залуу залуу инженерүүд оролцлоо. “Уул уурхайн салбарт залуу инженерүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд чуулсан залуус өөрсдийн санаачилсан төслүүдийг танилцуулсан юм. Тэдний нэг болох эксковаторын шанага үйлдвэрлэж, уурхайдаа нэвтрүүлсэн төслийг Багануур ХК-ийн судалгаа хөгжүүлэгч хэсгийн мэргэжилтэн М.Шаравдорж танилцуулсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
– Хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан шинэ төслийнхөө талаар танилцуулаач?
– Миний хувьд Багануур ХК-ийн “Шанага үйлдвэрлэх инновацийн төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар гурав дахь шанагаа үйлдвэрлээд явж байна. Шанага үйлдвэрлэх төсөл маань Монгол Улсын уул уурхайн салбарт анх удаа хийгдэж байгаа төсөл. Урьд нь манай уурхай эксковаторын шанагыг гаднаас худалдаж авдаг байсан бол одоо өөрсдийн ажлын ур чадвар, засварын бааз дээр тулгуурлаад дотооддоо үйлдвэрлэдэг болж байна. Эхний шанагаа ОХУ-ын эксковаторын техникийн үзүүлэлтийн дагуух шанаганы дизайнаар хийсэн бол хоёр дахь шанагаа Америк эксковаторын зураг схемийг ашиглаж хийсэн.
– Энэ төслийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарт ямар ач холбогдолтой вэ?
– Бид энэ төслийг хэрэгжүүлснээр монгол залуус өөрсдөө хийж чаддаг гэдгийг харуулж байна. Цаашлаад импортын бараа бүтээгдэхүүнийг орлох, ижил төстэй уурхайд үйлдвэрлэсэн шанагаа борлуулах гээд олон боломжийг нээн өгч байгаа. Бас эдийн засгийн бодит хэмнэлт болж чадаж байгаа юм л даа.
– Төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?
– Хэрэгжүүлж эхлээд хоёр жил болж байна. Үр дүн ч хангалттай гарсан. Одоогийн байдлаар бид гурван шанага бэлэн болгоод байна.
-Энэ төслийг бусад уурхайд хэрэгжүүлж байгаа юу?
-Яг энэ чиглэлээр ЭШ10/70 экскаваторын шанагыг үйлдвэрлэсэн уурхай бол байхгүй. Зөвхөн Багануурын уурхайд хэрэгжиж, уурхайдаа ашиглаж байгаа. Монгол Улсын хувьд анхных гэж хэлж болно. Шанаганы үндсэн хэсгүүдийг листээр хийж дотор хэсгүүдийг элэгдэлд тэсвэртэй материалаар хуяглаж өгсөн. “Багануур” ХК-ийн “ЭШ-10/70” маркийн 4 эксковатор жилдээ дунджаар 7 сая 140 мянган метр куб уулын цулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй байдаг. Энэ нормоор компани жилд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлага гардаг. Бид цаашдаа “ЭШ 15/90” экскаваторын шанага үйлдвэрлэхээр төлөвлөсөн.
-Өнөөдрийн энэ чуулган ямар ач холбогдолтой гэж та бодож байна?
-Энэ чуулган бол маш чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл залуу инженерүүд уулзаж, санал бодлоо солилцсоноор цаашдаа бид баг хамт олон болж олон шинэлэг санааг төрөхийг үгүйсгэхгүй. Олон шинэ мэдээ мэдээлэл ч сонсож байна. Бүгдийг нэг дор цуглуулж чадаж байна гэдэг бол маш өндөр ач холбогдолтой.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Э.Мөнхзаяа /Эх сурвалж: Itoim.mn/