Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Сэтгүүлчдийн хууль бусаар тагнаж, чагнасан гэх мэдээллийг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ өгсөн. Цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг тагнаж чагнасан бөгөөд энэ үйлдэлд нь хариуцлага тооцох саналыг ТЕГ-аас НПГ-т хүргүүлсэн гэж мэдээлсэн. Түүнээс хойш бидэнд мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Хоёр хоногийн өмнө энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хөндөж тавьсан учраас МСНЭ-ийн зүгээс дахин анхаарал хандуулж байна. Энэ бол сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудал бус сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал юм.
Энэ мэдээллийг тодруулах үүднээс МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтраад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны цаана иргэдийн мэдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл байдаг.
Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан асуудал байгаа бол маш ноцтой үйлдэл юм. Энэ асуудал хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний түвшинд удаа дараа яригдаж байгаа учраас бидэнд мэдээлэл өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байгаагаа энэ мэдээллээр дамжуулж байна” гэв.
МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг “Бид энэ асуудлаар зөвхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийгээд зогсохгүй Хүний эрхийн үндэсний комисстой хамтран олон улсын хэмжээнд гаргаж тавих болно” гэлээ.
Хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний хэмжээнд сэтгүүлчдийн тагнаж, чагнасан цагдаагийн ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл яригдсаар багагүй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл “Намайг тагнаж, чагнасан” гэж мэргэжлийн холбоондоо хандсан сэтгүүлч нэг ч байхгүй байгаа аж. МСНЭ-ийн зүгээс тагнуулын байгууллага уг хэргийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа учир сэтгүүлчид мэргэжлийн эвлэл, холбоодод хандах боломжгүй байхыг үгүйсгэсэнгүй.