Бельги Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх тээвэрлэлт хийж явсан хөргүүртэй ачааны машинаас 12 хүнийг эсэн мэнд гаргасан гэж Белгийн Цагдаагийн газар мэдээлжээ. Жимс, хүнсний ногоо ачсан чингэлэгнээс насанд хүрсэн 12 эрэгтэй гарсны 11 нь Сирийн иргэд, нэг нь Суданы иргэн байсан гэнэ.
Тээвэрлэж явсан машины жолооч ачаанд нь хүн байж магадгүй гэж сэжиглээд цагдаад мэдээлснээр илрүүлсэн байна. Долоохон өдрийн өмнө тус цагдаа Британи руу тээвэр хийж явсан ижил төрлийн хөргүүртэй ачааны машинаас 39 хүний цогцосыг илрүүлж байсан билээ.
Бельгийн ачааны машины жолооч нар сүүлийн үед Их Британи руу ачаа хүргэх дургүй болсон талаар хэвлэлүүд мэдээлжээ. Учир нь ачаанаас хүн илэрвэл хүний тоогоор 2000 фунт стерлингийн торгууль хүлээдэг болсон байна.
Бельгийн Ачаа тээврийн холбооны тэргүүн Изабелла Де Мэгт орон нутгийн телевизийн сувагт ярихдаа “Жолооч нар Британи руу ачаа тээвэрлэхдээ хууль бус цагаач зөөсөн хэрэгт орооцолдох нь нэмэгдсэн” гэжээ. Цагаачид хөргүүртэй ачаанд нуугдах сонирхолтой байдаг нь ийм ачааг нээж шалгах магадлал бага байдагтай холбоотойг тэр ярьсан байна.
Бельгийн цагдаа нар өнгөрсөн Даваа гарагт Эритрэй, Судан, Этиопийн харьяат эрэгтэй, эмэгтэй нийлсэн 27 хүнийг баривчилсан байна. Тэдний 11 нь 18 нас хүрээгүй хүмүүс байсан бөгөөд Британи руу гарaхаар бэлдэж байжээ.
Эх сурвалж: The Guardian